ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Лизингээр машин авахыг “хориглоно”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-28

Утас, машин зүгээр л хэрэглээ, 9911-тэй дугаар ердөө л нэг тоо гэдгийг ойл­готол монголчуудад дахиад хэдэн жил хэрэгтэй гэд­гийг хэлж мэдэхгүй юм. Одоохондоо бид барьж бай­гаа утас, унаж буй машин, өмсөх хувцасныхаа брэндээр өрсөлдөж байна.  9911, 8811 гэсэн тоо орсон утасны дугаартай бол бусдаас зин­даа дээгүүр, нэр төр нь илүү баталгаатай болдог гэдэгт итгэж яваа. Тиймдээ ч хэрэг­лээгээрээ уралддаг бол­чих­лоо. Iphone утасны шинэ заг­варууд жилийн дотор шинэчлэгдэж байгаа.  Тэр болгонд шинэ загварыг нь авдаг хүмүүс хэдэн арван мянга бий. Солонгосчуудын хийгээд байгаа Samsung утсыг ч ялгаагүй.  Ерөөс техник технологи гэрлийн хурдаар өөрчлөгдөж, шинэч­лэг­дэж байгаа. Тэр бүхнийг хэрэглэнэ гэвэл дэлхийн хү­мүүсийн ихэнхийнх нь орлогын хэмжээ гүй­цэж чадахгүй. Харин монгол­чуудын орлогын хурд гүйцээд байгаа юм.  Тэд хаанаас ч, хэнээс ч, юугаа ч хамаагүй барьцаанд тавиад зээл авч, хэрэгцээгээ хангаж, шинэ бүхнийг хэрэглэх гэсэн шуналын хурдаа гүйцээд байна. Бод доо, iphone8 барьдаг атлаа дараагийн загвар нь гарахад зээлээр худалдаж авдаг.  Зайлшгүй хэрэглээ мөн үү гэвэл, үгүй. 

Нутагтаа очихдоо яаж хуучин машин унаж явах вэ дээ гэсэн шалтгаанаар шинийг байраа барьцаалж авдаг хүн маш их бий. Эсвэл бусдын дор орохгүй байх шалгуур нь машинтай болох гэж тооцдог.  Ядаж таван ханатай гэр ч үгүй атлаа хамгийн тансаг, чамин, хүчтэй машин авахыг мөрөөдөгсөд олон. Бүр өр тавиад, машин авчихсан, орох оронгүй, аав, ээждээ дараа болоод явж байгаа залуучууд цөөнгүй. Хүний нэн тэргүүний хэрэгцээ юу болохыг ялгахгүй, бусдаас дор орохгүй гэдэг муйхар сэтгэлгээний үр дүн юм. Энэ сэтгэлгээг өөгшүүлж, хэрэглээний зээлээр хангадаг газрууд Монголд хэтрүүлж хэлбэл үй түмээрээ байна. Банк, ББСБ-ууд, хадгаламж, зээлийн хоршоо гээд л. Улсын эдийн засаг жаахан сэргээд, иргэдийн орлого нэмэгдэхээр дагаад хэрэглээ өсдөг. Хэрэглээ өсөхтэй зэрэгцэж импорт нэмэгдэж, дагаад валютын ханш өснө. Төлбөрийн тэнцэлд дарамт болно, эргээд эдийн засаг хямарч, хумигдаж, иргэдийн орлого буурна. Юу хэвээрээ байх вэ гэвэл, өр. Шинэ загварын утас барьж, ганган машин унасан орлогын хомсдолтой хүмүүс нэмэгддэг гэсэн үг. Ажил хийгээд арайхийж олсон хэдэн төгрөг нь лизингийн зээлд яваад, бор ходоод руугаа шидэх буузны ч мөнгөгүй болохдоо тулсан залуучууд Монголоор дүүрэн цээжээ дэлдэж явна. Сүүлийн нэг жилийн дотор л гэхэд хэрэглээний зээл банкны нийт зээлийн 40 хувийг давлаа. 

Хүн бүр цалингийн зээл авч, электрон бараа, тавилга, машин лизингдэж, банкууд өөр салбар руу мөнгө гаргахдаа хойрго болов. Учир нь хэрэглээний зээл илүү найдвартайд тооцогддог уч­раас тэр. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ өндөр түвшинд хүрлээ. Аж ахуйн нэгж, компаниудын өр ч нэмэгдэж,  банкны салбарт багагүй хэмжээний чанаргүй зээлийг үүсгэсэн энэ үед өрхийн өрийн дарамт цаашид өндөр түвшинд хүрч нэмэгдвэл эдийн засаг маш хүнд байдалд орох эрсдэлтэй болно гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа. Яг ийм үед Монголбанк “тормоз” гишгэж, хэрэглээний зээ­лийг энэ сарын 1-ний өдрөөс хязгаарлалаа. Өр, орлогын харьцааг 70 хувь болгож, 30 сараас илүү хугацаагаар хэрэглээний зээл өгөхийг хязгаарлаж байгаа юм. Тодор­хой хэлбэл, иргэн сардаа сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд эргэн төлөлтийн дээд хэмжээ нь 700 мянгаас илүү гарахгүй байхаар хэмжээний зээл авах эрхтэй л гэсэн үг. Өмнө нь 60, цаашлаад 96 сар хүртэл хугацаагаар банкууд зээл өгч, сарын орлогынх нь 80-90 хувийг нь хуу хамж авдаг тохиолдол ч байсан. Тодорхой жишээ гэвэл, тэтгэврийн зээл бай­на. Сардаа 300 гаруйхан мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хөгшин хоёр жилээр нь тэтгэврээ зээлж авчихаад, ганц ч төгрөгийн орлогогүй шахуу амьдардаг. Сайндаа л тэтгэврийнхээ 10-20 хувиар амьдарч байгаа.

Тийм хөгшид зөндөө бий. Үүнд банкийг буруутгах аргагүй. Хамгийн найдвартай зээлдэгчид мөнгө зээлж, хүүгийн зөрүүнээс ашиг олох зорилготой бай­гуул­лага. Тиймээс зээл авах гэсэн хүнд боломжтой хэм­жээгээр нь өгөөд, хүүгээ аваад сууж байна. Цаадах хүний амьдрал яах, Монгол Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх эсэх нь банкныханд хүртээлтэй биш. Тиймээс Монголбанкнаас зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байлаа. Түүнийгээ ч хийлээ.  Банкууд, иргэдийн хувьд энэ “гашуун эм” шиг л санагдаж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ ирээдүйд гарах эрсдэлүүдээс тодорхой хэмжээнд сэргийлж байгаа юм. Хамгийн найд­вар­тай гэгддэг зээлүүд асар том эрсдэл дагуулж байсан жишээ бий.  2002 оны Солонгосын кредит картын хямрал, эсвэл 2008 оны Америкийн моргейжийн хямрал зэрэг нь иргэд үргэлж найдвартай зээлдэгч байдаггүй гэдгийг харуулсан.  Тэр дундаа Монгол шиг ойр, ойрхон уруудаж, өгсөж байдаг уулын замтай адилхан эдийн засагтай оронд нэг, хоёр, гурван жилийн дараа юу ч тохиолдохыг хэлж мэдэхгүй. Тэр битгий хэл сарын дараа лизингээр машин авсан хүн ажлаа хийж байх уу гэдгийг хэн мэдэх юм бэ. Хэн ч тэр эрсдэлийг тооцоолох боломжгүй. Ажлаасаа гар­чихаад, дараагийнхаа олоход сар, хоёр сар, түүнээс ч урт хугацаа зарцуулбал яах вэ. Машины лизингийнхээ мөнгийг яаж төлөх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ингээд л тухайн иргэн, өрх өрийн дарамтад орж, өдөр тутмын хэрэглээгээ ч хангаж чадахүйд хүрэх аюултай. Энэ эрсдэлээс сэргийлж, иргэдээ өрийн дарамтад оруулахгүй байхын тулд хэрэглээний зээлийг хязгаарлах зайлшгүй шаардлага байсан.

Нөгөө талаар банкууд хэрэглээний зээлд ихэнх мөнгөө өгчихөөр хэн бизнесийг дэмжих юм. Азийн хурдтай хөгжсөн амжилттай орнуудын ихэнх нь эхлээд хөрөнгө оруулалт,  экспорт дээр төвлөрсөн байдаг. Санхүүгийн бүхий л эх үүсвэрээ тийш нь чиглүүлдэг. Ингэснээр гаднаас орлого олдог салбарууд хөгжиж, ажил эрхлэлт нэмэгдэж, ир­гэдийн амьжиргаа дээшилс­нээр дараа нь хэрэглээ нь өссөн байдаг. Өөрөөр хэлбэл,  орлогоороо хэрэглээгээ сан­хүү­жүүлэх чадамжтай бол­сон гэсэн үг. Яг энэ жишгээр л манай улс хөгжих ёстой.  Банкууд иргэд ямар ч шаардлагагүйгээр гар утсаа солиход зээл олгох биш аж ахуйн нэгжүүдэд бизнесийн зээл олгодог бол илүү сайн. Хөрөнгө оруулалт авч, үйл ажиллагаагаа сайжруулж, хүчин чадлаа нэмсэн аж ахуйн нэгжүүд цалингаа нэмнэ. Эсвэл шинэ ажлын байр бий болгоно. Цаашлаад иргэд зээлээр биш орлогоороо хэрэглээгээ хангах боломж бүрдэх юм. Ийм урт хугацааны бодлого хэрэгтэй байна. Тиймээс цаашлаад иргэдийн сарын орлогын 50 хүртэлх хувь нь зээлийн эргэн төлөлтөд явдаг байхаар зохицуулсан ч буруудахгүй. Эдийн засаг өсөхөд иргэдийн хэрэглээ нэмэгдэж, импорт өсдөг биш хадгаламжийн хэмжээ нэмэгддэг эдийн засаг хэрэгтэй байна.