ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уриатай байх ийм сайхан

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-05-30

Тэртээ 1990-ээд онд Ардчилсан хувьсгал хийдэг мАНай хэд  “Дарга нарын тансаглалыг зогсооё” гэж уриалж байж билээ. Гэтэл 28 жилийн хойноос харахад үнэхээр л манай дарга нарын тансаглал зогссон харагдана. Уриа дэвшүүлэх ийм сайхан. Түүнээс хойш МАНай, тАНай гэлтгүй сайхан, сайхан уриа бодож олж, ихийг дэвшүүлж, тэр хэмжээгээр биелсэн билээ. “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя”. Энэ бол тэр үед эрх барьж байсан МАНайхны уриа. Эл урианаас хойш төр ер нь хямраагүй бөгөөд түмэн олон ч баяжсан юм. Дараагийнх нь сонгуульд МАНайхныг ялуулсан уриа бол “Таны төлөө-тантай хамт”. Үнэхээр л төр маань миний л төлөө гэр оронд минь, ор дэрэнд минь хүртэл хамт байж, дөрвөн жилийг үдсэн.

Түүний дараа ялуулсан уриа бол “Шударга ёс-Хариуцлагатай төр-Дэвших хөгжил-Дэвжих амьдрал” байв. Монголд шударга ёс тогтож, төрийн хариуцлага төгөлдөржив. Хөгжил дэвшилд хүрч, хүн ардын амьдрал дэвжин дээшилсэн юм. Удалгүй танай нам “Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье” хэмээв. Өмнө нь мал шиг амьдардаг байсан бид ч үнэхээр л хүн шиг амьдарч сурч, өмнө нь айл шиг байсан улс маань одоо л нэг улс шиг улс болсон санагдана. Одоо харин “Бид зүтгэнэ, Хамтдаа хөгжинө” гэсэн уриан дор Монгол улс, МАНай нам урагшилж байна. МАНайхан ч үнэн сэтгэлээсээ зүтгэж байгаа харагдана. Бүгдээрээ ч сайхан хөгжиж байгаа санагдана. Бараг л хөгжсөөр, хөгжлөөрөө дэлхийд бүү хэл нарны аймагтаа, цаашлаад галактиктаа тэргүүлж байгаа нь тодорхой болов. Уриатай байх ийм л сайхан.