Сар шинийн баяраар замын хөдөлгөөний ачаалал учир Нийтийн тээвэрт зохицуулалт хийдэг. Зохицуулалт хэрхэн хийж байгаа талаар Нийслэлийн Тээврийн газрын Зорчигч тээврийн сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн О.Хонгорзулаас тодрууллаа.
-Нийслэлийн тээврийн газраас сар шинийн баярын өдрүүдэд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Цагаан сарын шинийн 1-3-ны өдрүүдэд нийтийн тээврийн зорчигч урсгалын ачаалал хотын төвийн хэсгээр сийрэг, захын хорооллуудад ихээр нэмэгддэг. Тиймээс Нийтийн тээврийн газраас хотын захын чиглэлүүдэд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмсэн. Үндсэн чиглэл болох Шархад, Толгойт, Нарангийн гол, Тахилт, Нисэх гэх мэт 27 чиглэлд 43 тээврийн хэрэслийг нэмэлтээр ажиллуулахаар бэлтгэлээ хангаж байгаа. Шинийн дөрвөн буюу хоёрдугаар сарын 8-ны өдрийг амралтын өдөр болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ өдөр энгийн амралтын өдрийн хуваариар буюу өглөө 08-23 цаг хүртэл үйлчилнэ. Битүүний өдөр энгийн ажлын өдрийн хуваариар үйлчлэхээр байгаа. Баярын өдрүүдэд нийт 700 орчим их багтаамжийн автобус, үндсэн 92 чиглэлд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эдгээр өдрүүдэд авто худалдааны төвийн үйл ажиллагаа зогсдог учраас Ч:60 буюу авто худалдааны цогцолбор гэсэн чиглэл явахгүй гэж ойлгож болно.
-Өнгөрсөн жил Сар шинийн баяраар Нийслэлийн Тээврийн газар зорчигчдод үнэгүй үйлчилж байсан. Энэ жил ямар нэгэн хөнгөлөлт байгаа юу?
-Энэ жилийн хувьд ямар нэгэн, хөнгөлөлт, үнэгүй зорчих тухай шийдвэр гараагүй. Иргэд баярын өдрөөрөө “U money” картаа уншуулаад, 500 төгрөгөөрөө зорчино. Картаа өмнөх өдрүүдэд нь цэнэглүүлээрэй гэж зөвлөе.
-Цагаан сарын өмнөх хоёр өдөр бямба, ням гарагууд таарч байна. Энэ их ачаалалтай үед ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд төлөвлөлт хийгддэг. Нийслэлийн тээврийн газраас сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу хоёрдугаар сарын 2, 3-ны бямба, ням гарагуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ. Тодорхой суурьшлын цэг гэдэгт нь Орбит, Нарангийн гол, ХМК, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Сэлбэ амралт, Шар хад гэсэн чиглэл багтаж байгаа. Мөн зорчигчдод нэмж мэдээлэл хүргэхэд “Дэнжийн 1000”-ын замын ачааллыг сийрүүлэх зорилгоор тус замаар үйлчилдэг нийтийн тээврийн дөрвөн чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах зохицуулалт хийсэн. Ингэхдээ 08:00-17:00 цаг хүртэл Ч:21а “Булгын 19-р гудамж-Вокзал-3,4-р хороолол”, Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”, Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”, Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж” чиглэлүүдийн хөдөлгөөний чигт өөрчлөлт орсон байгаа.