ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нарангэрэл: Хоол болон архины хордлого авсан иргэдийн дуудлага зонхиллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-02-10

Сар шинийн баяраар эрүүл мэндийн байгууллагад өвчлөл, осол  гэмтлийн дуудлага эрс нэмэгддэг. Тэгвэл баярын өдрүүдэд хэрхэн ажилласан талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа. 

-Сар шинийн өдрүүдэд эрүүл  мэндийн байгууллагууд хэр их ачаалалтай байв?

-Сар шинийн баярын өдрүүдэд 103 түргэн тусламжийн төвд 219 дуудлага хүлээж авлаа. Голлох ачаалал насанд хүрэгчдийн дунд их байгаа юм. Эдгээр дуудлагын 60 хувь нь  ходоод гэдэсний хямрал байснаас насанд хүрэгчдийнх зонхилж байна. Харин 20 хувь нь 45-аас дээш насны хүмүүсийн дунд даралт ихсэх,  15 орчим хувь нь архины хордлогод орсон  гэсэн дуудлага ирлээ. Насны хувьд авч үзвэл 25-45  насныхан зонхиллоо. Мөн баяраар эмнэлгийн тусламж үйлчилгээнд  ихээхэн хүндрэл үүсгэдэг өвчлөл бол аливаа осол гэмтэл байдаг. Энэ жилийн тухайд осол гэмтлийн дуудлага харьцангуй тайван байлаа.  Хэвийн өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 350-400 орчим өвчтөн ирдэг бол, сар шинийн өдрүүдэд 200 орчим өвчтөн ирсэн. Хөдөө орон нутагт ч бэртэж гэмтсэн гэх дуудлага бага байгаа. Гэхдээ осол гэмтлийн шалтгаантай 81  түргэн тусламжийн дуудлага, орон нутагт 70 орчим дуудлага ирсэн. Баярын өдрүүдэд нийт 500 орчим эх амаржсан. Мөн  ЭХЭМҮТ-д 55 орчим хүүхдэд яаралтай мэс засал хийсэн. Ер нь сар шинийн баяраа соёлтой тэмдэглэх, эрүүлээр баярлах зан үйл жилээс жилд сайжирч байгаатай холбоотойгоор өмнөх жилүүдтэй харьцуулахад тайван байна.

-Отроор өвөлжиж байгаа малчдад эрүүл  мэндийн түргэн тусламж хэрхэн үзүүлэв, хяналт хэр байсан бэ?

-Отор нүүдлээр яваа иргэдийн эрүүл мэндийн байдлыг холбогдох яам болон эрүүл мэндийн  байгууллагууд  анхаарлдаа авч ажилладаг. Улсын хэмжээнд 6500 гаруй малчин оторлож байгаа. Эдгээрийн дунд жирэмсэн 83 хүн, 0-5 насны 1000 гаруй хүүхэд бий. Аймаг сумдын төвийн  эрүүл  мэндийн  төв, Бүсийн оношилгоо,  эмчилгээний төвүүдээс отор нүүдэл хийж буй иргэд биеийн  байдал муудсан гэсэн мэдээлэл ирээгүй байна. 

-Эрүүл  мэндийн яамны зүгээс иргэдэд цаашид анхааруулах зүйл байна уу?

-Энэ жилийн сар шинийн баяраар шөнөдөө 30-аас дээш  градус хүрч хүйтэрснээс осгож гэмтсэн хүмүүс цөөнгүй байна. Баталгаагүй машинтай хол замд гарснаас замдаа саатах,  улмаар гэмтэх тохиолдол  байгаа. Зөвхөн баяр ёслолын өдрүүдэд ч гэлтгүй бүх үед  анхаарах хэрэгтэй. ЭХЭМҮТ-өөр  үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн дунд 3-5 насны хүүхдүүд  ирлээ. Зонхилах  шалтгаан нь ходоод  гэдэсний хямралтай, бөөлжсөн,  суулгасан хүүхдүүд хандаж байна. Тиймээс энэ үеэр эцэг эхчүүд  хүүхдүүдээ идэж, ууж буй зүйлийг сайн харж анзаарах хэрэгтэй. Сар шинийн баярын үеэр болон дараа нь  хүйтэн байх учир хүүхдээ сайн дулаалах,  ханиад томуунаас сэргийлэх шаардлагатай. Мөн хөдөө орон нутагт цасаар шуурах төлөвтэй байгаа учир хүүхдүүдийг малын бэлчээрт том харгалзах хүнгүй гаргахгүй байх сэрэмжлүүлгийг өгмөөр байна. Биед ямар нэгэн эрсдэл тохиолдож, зовиур илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөе. Мөн 324002 дугаарын утсаар эрүүл мэндийн зөвлөгөөг 24 цагийн турш өгч ажиллаж байна.