Хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдэд ажлын байр хомс байдаг. Тиймээс групп, халамжийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг хэдий ч амьжиргаанд нь хүрэлцдэггүй билээ. Тэгвэл Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан ямар ажил хийж байгаа талаар тодрууллаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлын байр хэр байдаг вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил зохион байгуулдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа иргэдэд өөрсдийнх нь ур чадварт тохирсон ажлыг хийх төслийг санаачлан ажлын байраар хангахыг зорьж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, жижиг үйлдвэр, цех ажилуулах, туслах ажилтнаар ажиллах гэх зэрэг ажлын байраар хангахыг зорьж байгаа. Өнгөрсөн жил 40 гаруй мянган иргэнийг ажлын байртай болгох зорилго дэвшүүлж ажилласан. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5617 иргэн хамрагдаж 3,647,059 мянган төгрөг зарцууллаа. Улмаар 1376 ажлын байр бий болсон байна. Энэ онд ч мөн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн халамжийн үйлчилгээ ямар байгаа вэ. Жишээ нь өнгөрсөн онд 14000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөрийн хуулийн 111-ийн нэгдэх заалт бүрэн хэрэгжээгүйгээс болоод ажлын байртай болох боломжоо алдсан гэсэн судалгаа байсан?
-Энэ бол судалгаа. Бидний хийж буй бодитой ажил бол “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөл”-өөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөрийг хэрэгжлүүлж ажилладаг. Хөдөлмөрийн тухай хуулиар аж ахуй нэгж, байгууллагууд 25, түүнээс дээш ажилтантай бол түүний дөрөвт нь хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэн ажиллуулах тухай заасан байдаг. Зарим аж ахуй нэгж байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдийг ажлын байраар хангах чиглэлийг барьж ажиллаж байгаа. Харин хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг хуульд заасны дагуу ажлын байрны төлбөрийг нь авсан. Авсан төлбөрөө эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувиараа хөдөлмөр эрхлэх, мөн өөртөө ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлж ажиллахад анхаардаг гэж ойлгож болно. 2017 оны байдлаар нийт 103600 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэсэн судалгаа гарсан. Таны асуусан 14100 иргэн хуулийн хэрэгжилт хангаагүйгээс ажлын байртай байх боломжоо алдсан. Улмаар тухайн аж ахуй нэг байгууллагуудад хуулийн шаардлагыг тавьсан. Хэлээд аваагүй тохиолдолд ажлын байрны хураамжийг авч байгаа гэж ойлгож байна.
-Хуулийн шаардлага биелүүлээгүй байгууллагад торгууль ногдуулаад, торгосон мөнгө нь хаашаа ордог вэ. Энэ жилийн хувьд хэчнээн төгрөг хуримтлагдсан бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдийг ажиллуулаагүйн хураамж болох тэрбум орчим төгрөгийг Хөдөлмөр эрхлэх санд төвлөрүүлсэн байгаа. Харин энэ жил Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт тав орчим тэрбум төгрөгийг улсаас төсөвлөсөн. Өнгөрсөн жилийнхээс харьцангуй нэмэгдсэн. Үүнийгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулаад, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжээд явна.