ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-27

-Буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг өглөө- 

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Тусгай сангуудад   хийсэн шалгалтын хариу цаашид авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцсэн юм. Мөн нэр бүхий сангуудын татан буулгах шийдвэр гаргав. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа. 

-Сангуудад хийсэн шал­гал­тын талаар Засгийн газраар на­рийн хэлэлцэж, тогтоол гаргана гэж өнгөрсөн долоо хо­ногт та мэдээлсэн. Энэ удаа­­гийн хурлаар хэлэлцсэн байх. Ямар шийдвэр гарсан бэ?

-Засгийн газрын хурал­даа­наар тусгай сангуудад хийсэн шал­галтын дүнд үндэслэн тус­гай сангийн талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа.   Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргасан. Холбогдох хуулиудад нь өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ.  Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалын дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан зэрэг долоон санг татан буулгана. Дээрээс нь гурван санг нэгтгэж байгаа. Тодруулбал, зээлтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн.  Мөн  Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн.  Боловсролын зээлийн санд маш их диплом барьцаалагдаад байж байдаг. Гэтэл начир дээрээ диплом гэдэг барьцаа хөрөнгө болж чаддаггүй.

Тиймээс тодорхой саналыг боловсруулж, энэ асуудлыг шийдвэрлэхийг салбар яамны сайдад даалгалаа. Ер нь бол 1997 оноос хойш гадаадад сурсан 1893 оюутанд тэтгэлэг олгосон. Нийтдээ 52.3 сая ам.доллар зарцуулснаас 37.7 саяыг нь буцааж төлсөн байна. Тиймээс Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг сайжруулах шаард­лагатайг сануулж, даал­галаа. Нийг­мийн даатгалын сан, Нийг­мийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж байгаа. Гэхдээ бүх сангуудын шийдвэр гаргалтад мэргэжлийн холбоодуудыг оруул. Мөн Засгийн газрын тогтоолд төсвийн хөрөнгөнөөс зээл авсан бүх хүний овог нэр, регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл гээд бүх мэдээллийг “Шилэн данс”-аар дамжуулж мэдээлж байхыг шаардсан. ЖДҮХС-тай холбоотой нэлээд асуудлыг бас ярилаа. Сангаас шууд зээл олгодог болгосон журмыг эргэж харж, зөвхөн банкаар дамжуулдаг болох чиглэлийн үүрэг даалгаврыг ч өглөө.

-Тариалан эрхлэлтийн дэм­жих сангаас нийтдээ хэч­нээн төгрөгийн зээл олгосон талаарх мэдээллийг өгнө гэж өнгөрсөн долоо хоногт хэлсэн. Хэчнээн төгрөгийн асуудал гарсан бэ?

-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нийтдээ 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 47 тэрбум нь тендер зохион байгуулахтай холбоотой зөрчил. Тухайлбал, тендерт оролцох аж ахуйн нэгжүүдэд тэгш боломж олгох үүднээс хугацааг нь нарийн зааж өгсөн байдаг. Гэтэл хуульд зааснаас хоёр дахин бага хугацаанд тендер зарладаг. Гомдол гарсан тохиолдолд авч үзэхгүйгээр гэрээ байгуулах. Шалгаруулалт явуулалгүйгээр шууд гэрээ хийх зэрэг зөрчлүүд илэрлээ. 2014-2015 онд тус бүр найман тэрбум төгрөг тавиад элеватор худалдан авах тендер зарласан боловч 5.2 тэрбум төгрөгийн өртэй “Дарханы гурил” тэжээл компанийг шалгаруулсан. Тэр элеватор нь чанарын шаардлага хангахгүй учир өнөөдрийг хүртэл ашиглагдахгүй бай­гаа. Яагаад гэвэл чанарын шаардлага хангадаггүй.  

Бага оврын трактор 44 тэрбум төгрөгөөр авсан боловч үүнээс хугацаа хэтэрсэн зээлийг үлдэгдэл 17 тэрбум төгрөг байна. Зээлийн төлөгдөхгүй байгаа шалтгааныг судалж үзэхэд 2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулахаар өгсөн эсвэл бүртгэлтэй утасны ду­гаар нь зөрчилтэй, барьцаа хө­рөн­гө­гүйгээр олгогдсон зэрэг зөрчил илэрсэн.   Тариа­лан эрхлэлтийг дэмжих сангийн дотоод хяналтын механизм огт хэрэгждэггүй. Санд байгаа мөнгө татвар төлөгчдийнх. Татвар төлөгч­дийн мөнгийг хамгийн үр ашигтай зүйлд зарцуулж байж Монгол Улсын хөгжлийн хурд нэмэгдэх учиртай. Тийм учраас бүх шатанд буруу зөрүүг засах гэж байна. Бурууг одоо л зогсоож, засахгүй бол цаашид үргэлжилсээр байх аюултай. Улаанбуудайн урамшуулал олгох журмыг 2012 онд хүчингүй болсон. Гэтэл 2012 оноос хойш дандаа хүчин­гүй болсон журмыг ашиг­лаж улаанбуудайн урамшуулал ол­госон байна. Тийм учраас бүх журмуудыг хянаж, шинэчлэх үүрэг өгсөн байгаа. Дээрээс нь төрд өртэй аж ахуйн нэгжүүдийг тендерт шалгаруулж байсан зөрчил илэрсэн.

Би өмнө нь мэдээлэл хийхдээ хэлж байсан даа. Зээл олгодог гурван сангийн хоёроос нь зээл авсан олон аж ахуйн нэгж байгаа. Гэх мэт олон зөрчил илэрлээ. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд ямар нэг сангаас зээл авсан аж ахуйн нэгжийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэ­дээл­лийн санд оруулахаар болсон. Зээл авах гэж байгаа компанийн мэдээллийг тэндээс аваад, өмнө нь ийм сангаас зээл авчээ. Тэр зээлээ төлөөгүй байна гээд хянаад явчих боломжтой болно.  Мал хамгаалах сангаас авсан зээлийн эргэн төлөлт 50 орчим хувьтай байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн үлдэгдэл 130 гаруй тэрбум төгрөг байсан. Төлүүлээд 100 тэрбум төгрөг үлдсэн талаар мэдээлэл өгсөн. Тодорхой хэмжээний хэлэлцээр хийж, зээлийг төлүүлж байна. 72 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрчихсэн байгаа. Энэ зээлийг төлүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай. 

-Татан буулгасан сангууд аж ахуйн нэгжүүдээс хэдэн төгрөгийн авлагатай байна вэ?

-Татан буугдсан сангууд зээл олгодоггүй. Гэхдээ эдгээр санд олгосон төсвийг зориулалтын бусаар ашигласан тохиолдол их байгаа юм. Сангаасаа мөнгө гаргаад яамны засвар хийчихсэн байх жишээтэй. Гадаад руу томилолтоор явах зардалд зарцуулсан тохиолдол гарсан. Харин Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, болон ЖДҮХС зээл олгодог. Тиймээс энэ гурван санг нэгтгэж, зээл олгоход хамаатай дүрэм журмыг тодор­хой болгож, нэгдсэн удирд­ла­га­тай байх ёстой гэж үзсэн.

-Тусгай сангаас төрийн өндөр албан тушаалтанд зээл олгохгүй байх чиглэлд ямар хяналт тавих вэ?

-Төрийн өндөр албан тушаалтан, тухайн яаманд хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүсийг зээл авах үйл ажиллагаанд оруулахгүй байх талаар нэлээд ярилцсан. Ажлын хэсэг болон ЗГХЭГ-ын даргатай ярилцаж үзээд, одоо байгаа хууль тогтоомжынхоо хүрээнд журмаа өөрчлөхдөө бусад хуультай уялдуулаад оруулах боломжтой гэж тохирсон. Бизнес хийх гэж байгаа бол төрөөс гараад бизнесээ л хийх ёстой. Харин төрд ажиллах гэж байгаа бол төрийн ажлаа л хийх хэрэгтэй. 

-ЖДҮХС-д шалгалт хий­гээгүй юм уу. Энэ талаар огт ярихгүй байна?

-ЖДҮХС-г манай яамнаас жилийн өмнө шалгасан. Зарим хүмүүс андуураад, одоо Сангийн яам шалгаад байгаа юм шиг ойлгодог. Тухайн үедээ асуудлыг нь ярьсан. Зээл олголт нь үр ашиггүй байсан. 2018 оны нэгдүгээр сард шалгалт хийсэн. Хамгийн гол нь тухайн үед Сангийн яамны шалгалтын дүнг ЖДҮХС-гийн удирдлагууд хүлээж зөвшөөрөөгүй, гарын үсгээ зураагүй юм. 

-Шалгалтаар олон зөрчил илэрсэн гэж байна. Зөрчилд холбоотой хүмүүс ч байгаа байх. Зөвхөн шалгаад л өнгөрөх юм уу. Буруутай хүмүүст хариуцлага тооцно биз дээ?

-Мэдээж зөрчил дутагдал гаргасан хүмүүс байгаа. Гэхдээ наанатай, цаанатай л хандах ёстой болов уу гэж бодож байна. Сайнаар бодвол тухайн үеийнхээ журмаар л зээл олгосон байх. Муугаар бодоход, хариуцлагагүй үйлдэл. Засгийн газрын тогтоолд ал­бан тушаалтнуудад хариуцлага тоо­цох чиглэлээр үүрэг өгсөн байгаа.