ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Баатар: Шүүгч амиа алдсан хэрэгт холбогдуулан АТГ-ын ажилтнуудыг шалгаж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-28

Цагдан хорих 461 дүгээр ангид хуульч амиа алдсан хэргийн талаар өчигдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Т.Баатараас тодрууллаа. 

-Мөрдөн шалгах ажиллагаа ямар шатандаа явж байна вэ. Хэргийн та­лаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-2019 оны хоёрдугаар сарын 24-ны 00:15 цагт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид баривчлагдсан байсан 68 настай Л.Бямбаа нас барсан талаарх дуудлага, мэдээлэл ирсэн. Үүний дагуу, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ хэрэгт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Тусгай субьектийг мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Бид мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийн талаар прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгөх ёстой юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаач Л.Бямбааг санаатайгаар хөнөөсөн, захиалгаар амь насыг нь хохироосон гэх мэдээлэл цацагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт хийвэл зохих бүх ажиллагааг, олон талаас нь шалгаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Эд мөрийн баримтаар цагдан хорих 461 дүгээр ангийн хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлаж авсан. Уг бичлэгт үзлэг, шалгалтыг хийж байна. Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд мөрийн баримтуудыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд өгсөн. Уг эд мөрийн баримтад шинжилгээ хийл­гэхээр шинжээчийг томилсон бай­гаа. Шинжилгээний дүгнэлт одоо­гоор гараа­гүй байна. Бид мөрдөн шалгах ажил­лагааг хурдан, шуурхай бүх талаас нь бүрэн, бодитой явуулах талаар ан­хаарч ажиллана. Энэ хэрэгт Баянгол дүүр­гийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа юм. Бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-д зааснаар зөвхөн прокурорын зөв­шөөрс­нөөр, мэдээлэх бололцоотой гэж заа­сан хэмжээнд л мэдээлэл өгөх ёстой. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.  

-Амиа хорлосон уу эсвэл гадны нөлөө байсан уу гэдгийг одоогоор тог­тоогоогүй гэж ойлгож болох уу?
-Шүүхийн шинжилгээний үн­дэс­ний хүрээлэнгээс талийгаачид хий­сэн шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй байгаа учраас энэ талаар хэлэх боломжгүй. 

-Гэрээслэл бичсэн байсан гэдэг нь үнэн үү. Хэргийн газраас эд мөрийн баримт гэх зүйл олдсон уу?
-Хэргийн газрын үзлэгээр гэрээс­лэл байсныг хурааж авсан. Тухайн гэрээслэлд Шүүхийн шин­жил­гээ­ний үндэсний хүрээ­лэн­гээс шинжээч томилон, шинжлүүлж байгаа.  

-Камерын бичлэг алдагдсан гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?
-Камерын бичлэгийг тухайн үед хэргийн газар үзлэг хийхдээ хурааж авсан. Бичлэг алдагдсан гэдэг нь ташаа мэдээлэл. 

-Талийгаачид холбогдох хэр­гийг шалгаж байсан мөрдөн бай­цааг­чыг шалгаж байгаа гэх мэдээ­лэл байна. Шалгаж байгаа юу?
-Энэ хэрэгт АТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдаас ажлын хариуцлага алдсан гэх асуудалд хол­богдох шалгалтыг хийгээд явж байгаа. 

-Нас барахаас нь өмнө хэн нэгэн уулзсан гэх мэдээлэл байсан. Камерын бичлэгт энэ явдал бичигдсэн байсан уу?
-Нас барахаас нь өмнө хэн нэгэн авч гарсан, уулзсан гэх асуудлын талаар холбогдох шалгалтуудыг хийж байна. Камерын бичлэгт үзлэг хийж байгаа. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгөх ёстой учраас энэ талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. 

-Нас барснаас нь хойш долоон ца­гийн дараа гэр бүлийнхэнд мэдэгд­сэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Мөрдөн байцаах албаны ажлын хэсэг хэрэгт холбогдох бүх шатны шалгалтыг хийж байна.