ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Найдвар”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-28

НИТХ-ын даргын албан тушаалд өрсөлдөгчдөөс уг суудлыг авах хамгийн өндөр магадлалтай нь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва юм. МҮОНРТ-ээс ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, НЗДТГ-т ажиллаж байсан бөгөөд  эдүгээ МАН- ын бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаалыг хашдаг, чамгүй туршлагатай улстөрч болон төлөвшиж байна. С.Амарсайханыг Нийслэлийн Засаг дарга болох тухай яригдаж эхлэхтэй зэрэгцэн түүнийг удирдах зөвлөл дэмжсэн.

Энэ шийдвэрийн дагуу бол НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва НИТХ-ын дарга болох учиртай. Гэвч намын бүлэг нь түүнийг ногоон гэрлээр дэмжиж, уг индэрт залахгүй бололтой. Учир нь өчигдрийн хуралдааны үеэр бүлгийн Удирдах зөвлөлийн шийдвэрийг зарлахтай зэрэгцэн тус бүлгийн төлөөлөгч Ц.Байгалмаа заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ. МАН шат шатны дарга нарын томилгоонд гаргадаг зуршлынхаа дагуу энэ удаад мөн л талцав. Энэ талцлыг нэгтгэж, төрийн ажлыг хэвийн үргэлжлүүлэх гол гүүр нь Р.Дагва байх болов уу гэж олон хүн найдлага тавьж байгаа юм. Учир нь МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу түүнийг даргаар томилвол, талцал, тэмцэл нэг талдаа гарч, С.Амарсайхан даргын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлнэ гэж итгэж байгаа юм.

Хэн удирдлага болсноос шалтгаалж, тухайн байгууллагын өмнөх ажил үргэлжлэх эсэх нь шийдэгддэг. Тэгвэл намын Удирдах зөвлөлийн дэмжсэн хүн НИТХ-ын дарга болохгүй бол төрийн албанд бэхэжсэн энэ тогтолцооны дагуу НИТХ-ын одоогийн ажил зогсч, төрийн ажлыг чөдөрлөх вий хэмээн зовних хүн олон байна. Тиймээс өрсөлдөгч Р.Дагва төрийн албан дахь намын талцлыг шийдэж, төрийн ажлыг үргэлжлүүлэх найдвар тээгч болоод байна.