Бага насны хүүхдэд амиа хорлохыг зөвлөдөг гэх “Момо” видео бичлэгийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Болормаагаас тодрууллаа.
-Сүүлийн үед цахим орчин дахь “момо” гэх видео бичлэгээс сэрэмжлүүлээд байгаа. Энэ нь хүүхдийг амиа хорлохыг зөвлөдөг гэх мэдээлэл байна. Одоогоор энэ бичлэгээс болж хохирсон тохиолдол байна уу?
-Цахим орчинд янз бүрийн чэлленжүүд явдаг. Гэтэл 2-15 насны хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлэхүйц “Момо” гэх аймшгийн хүүхэлдэй хүүхдүүдэд амиа хорлох гэх мэт сөрөг зүйл хийх зааварчилгаа өгч байна. Испани, Аргентин зэрэг улсад Момогийн зааварчилгаагаар янз бүрийн үйлдэл хийсэн тохиолдол бүртгэгдээд байгаа юм билээ. Испани хэлээр анх тархаж байсан бол одоо англи хэлээр цацагдаж байгаа.
Эцэг, эхчүүд “Момо”-гийн тухай хүүхдээсээ асуухад сайн таньж байна гэж байгаа. Энэ нь хүүхэддээ анхаарал, хяналт тавьж, нээлттэй харилцах шаардлагатайг харуулж байгаа юм. Хүүхдүүддээ энэ бол бодит зүйл биш, даган дуурайж болохгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Уг чэлленжийн улмаас Аргентинд 12 настай охин, Бельгид 13 настай хүү, Филиппинд 11 настай хүүхэд, Энэтхэгт өсвөр насны хоёр охин амиа егүүтгэсэн байдаг юм байна. Youtube, Facebook сувгаар хүүхдүүдийн хамгийн их үздэг дуу, бичлэг, тоглоомын дундуур “Момо” гэх бүлтгэр нүд, шингэн үс, жижиг хамар, дарвагар амтай хүйтэн царайтай хүүхэлдэй гэнэт гарч ирж эхний ээлжинд танилцан, дараагийн ээлжинд утасны дугаарт хадгалах, дуудлага мессэжэд хариу өгөх, мэдээлэл дамжуулахыг шаардаж улмаар эм ууж, хоолойгоо огтлох зэрэг өөрийгөө гэмтээх даалгавар өгдөг байна. Хэрэв хэлснээр нь хийхгүй бол эцэг, эхийг нь аваад явна, яг одоо хөнөөнө гэх зэргээр сүрдүүлдэг юм билээ.
-Энэ асуудлыг Харилцаа холбооны зохицуулах газартай хамтраад ч юм уу ямар нэг байдлаар зохицуулах боломж бий юу?
-Яг одоогоор тийм боломж байхгүй. Учир нь энэ нь ихэвчлэн 2-5 настай хүүхдүүдэд зориулсан “Youtube”-ын бичлэг дээр гарч ирээд байгаа юм. Пэппа торой, Minecraft зэрэг бичлэг, тоглоомнуудын дундуур гарч ирж байна. Тиймээс “Youtube” сувгийг тэр чигт нь хаах юм уу эсвэл тус суваг дээр байршсан “Момо” бичлэгтэй бүх видеонуудыг репорт хийх боломж бий.
-Тэгэхээр мэргэжлийн байгууллагууд гэхээсээ илүү эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг л хамгийн найдвартай хамгаалалт болж байна гэсэн үг үү?
-Тийм. Хэрэглэгчид, эцэг, эхчүүд өөрсдөө бичлэгт репорт хийж болно. Хоёрдугаарт, хүүхдүүдийнхээ үзэж буй зүйлд маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрөөр бид бусдын контентыг устгах, арилгах боломжгүй учраас хянах боломж хомс байна. Харин ЦЕГ-т гомдол гаргавал цааш уламжилж болно. “Момо”-гийн талаар бид тодорхой мэдээлэл, мэдэгдэл гаргасан байгаа.
-Гомдол гаргасан тохиолдолд тэр бичлэгийг нь хаах юм уу?
-Цааш нь уламжилж байгаад уг бичлэгийг хаалгаж болно. Гэхдээ одоохондоо “Youtube” сувагт Монгол хэлээр гарсан нь хараахан алга байна. Харин фэйсбүүкээр тийм чэлленж яваад байгааг сайн анхаараарай. Чэлленж гэдэг нь хүүхдүүдтэй эхлээд холбоо тогтоогоод, эхлээд амархан асуултууд асууж байгаад үйлдлүүд нь даамжирдаг. Тухайлбал, “Чи ямар хувцас өмссөн байна”, “Чи юу хийж байна” гэх мэт энгийн асуултууд асууж байгаад даамжирдаг гэсэн үг. Ингэж даамжирсан тохиолдолд одоогоор зургаан оронд бүртгэгдсэн бөгөөд Монголд бүртгэгдээгүй байна.
-Хүүхэд амиа хорлосон хэрэг гарсан орнуудад үүнийг яаж зохицуулдаг юм бол?
-Олон нийтэд анхааруулга болгож тарааж байгаа юм билээ. Мэдээж “Youtube” болон Фэйсбүүк компаниудтай хамтран ажиллаж байгаа байх. Хэрвээ хэрэглэгчид репорт хийгээд байвал үүнтэй тэмцэх хамгийн зөв шийдэл байх болно.
-Хүүхдээ хамгаалахын тулд эцэг, эхчүүд юунд анхаарах ёстой вэ?
-Таны хүүхэд цахим ертөнцөөс юу үзэж, ямар мэдээлэл авч байгааг мэддэг байх хэрэгтэй. Хүүхдүүддээ танихгүй хүний үгэнд орж болохгүй гэдгийг захиж ойлгуулах нь хамгийн эхний алхам. Хүсээгүй үйлдлийг нь хүчээр хийлгүүлэх нь хууль бус, хэнд ч тийм эрх байхгүй гэдгийг хүүхдүүдтэйгээ ярилцаж, ойлгуулах хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж, юу хийж байгааг нь тогтмол хянаж байх ёстой. “Момо” нь зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдэд ч мөн нөлөөлж удирдахыг оролдож байгааг Ирландын цагдаагийн газраас сэрэмжлүүлсэн юм билээ. Эцэг, эхчүүд хүүхдээ хамгаалахын тулд тогтмол ярилцаж, хэлэх гэсэн зүйлийг нь тайвнаар хүлээн авч сонсох нь болзошгүй аюулаас сэргийлэх бас нэг арга юм.