ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Жамсранжав: Цахим татварын системд нэвтэрч татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэх боломжтой

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-04

Хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэхдээ хаана, хэрхэн хандах талаар ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Жамсранжаваас тодрууллаа. 

-Иргэн, хуулийн этгээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой байх. Тэгэхээр тат­вар төлөгчөөр шинээр бүрт­­гүүлэх гэж байгаа бол хаа­­на, хэрхэн хандах ёстой вэ?
-Шинээр байгуулагдсан хуулийн этгээд хамгийн түрүүнд Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой. Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл төрийн мэдээлэл солилцооны “Хур” системээр дамжин Татварын албанд ирнэ. Бүртгэгдсэн хуулийн этгээдийн мэдээлэл ирсэн даруйд Татварын албанаас тухайн хуулийн этгээдийн бүртгүүлсэн имэйл хаяг болон гар утсанд www.e-tax.mta.mn цахим татварын системд нэвтрэх нэр, нууц үгийг автоматаар илгээнэ. Тухайн нэвтрэх нэр, нууц үгийг хуулийн этгээд ашиглан татвар төлөгчөөр бүртгүүлэх боломжтой.

-Өмнө нь харьяа тат­ва­рын албанд очиж, маягт бөглөж өгдөг байс­наа больсон гэсэн үг үү?
-Татварын алба төрийн үйлчилгээг татвар төлөгчдөд  хүндрэл чирэгдэлгүйгээр хүр­гэх, татварын албаны үйл ажиллагаа болон татвар төлөг­чид үзүүлэх  үйлчилгээг цахим­жуулах,  төрийн үйл­чил­гээг ил тод, хүнд сургал­гүй хүргэх зорилтууд бий. Эд­гээр зорилтуудыг хэрэг­жүү­лэх хүрээнд орчин үеийн дэв­шил­тэт технологид суурил­сан Татварын удирд­лагын нэгдсэн системийг нэвт­рүү­лээд байна. Тиймээс хувь хүн, хуулийн этгээд тат­вар төлөгчөөр шинээр бүрт­­гүү­­лэх­­дээ Татварын ал­банд биеэр очих шаард­ла­га­гүй болсон. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд Улсын бүрт­гэлийн ерөнхий газраас гэр­чил­гээ авснаасаа хойш ажлын 14 өдрийн дотор www.e-tax.mta.mn цахим татварын системд нэвтэрч, татвар төлөгчөөр бүртгүүлэх хэрэгтэй.

-Цахим татварын сис­темд хэрхэн нэвтэрч, тат­вар төлөгчөөр хэрхэн бүрт­гүүлэх ёстой вэ. Дэл­гэрэн­гүй тайлбарлаж өгөх­гүй юу?
-Хамгийн түрүүнд www.e-tax.mta.mn линкээр цахим татварын системийг үүсгэнэ. Цахим татварын системд нэвтрэхийн тулд таны имэйл хаяг болон гар утсанд ирсэн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглана. Нэвтрэх хэсэгт байгаа “Татвар төлөгчийн дугаар”, “Хэрэглэгчийн нэр” нүдэнд хуулийн этгээдийн регистерийн дугаарыг оруул­на. “Хэрэглэгчийн нууц үг” нүдэнд имэйл хаяг болон гар утсанд ирсэн нууц үгийг ашиглан нэвтэрнэ. Нэвтэрч орсны дараа нүүрний баруун дээд буланд байх сумыг дарахад “Миний мэдээлэл” цэс гарч ирнэ. “Миний мэдээлэл” цэсэнд татвар төлөгчийн дэлгэрэнгүй мэдээлэл, татварын төрөл, үйл ажиллагааны чиглэл, үүсгэн байгуулагч болон дансны мэдээлэл, харилцан хамаарал бүхий этгээдийн бүртгэл, холбоо барих, бүртгэлтэй цахим шуудангийн жагсаалт зэрэг мэдээлэл харагдахаас гадна татвар төлөгч үл хөдлөх хөрөнгө, буу, мал эзэмшдэг бол бүртгэлийн мэдээлэл харагдана. Ийнхүү татвар төлөгчөөр бүртгүүлснээр “Татвар төлөгчийн гэрчил­гээ”-г цахимаар илгээнэ.

-Хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгүүлснээр цахим татварын системээс ямар үйлчилгээ авах боломжтой вэ? 
-Татвар төлөгч хуулийн этгээд тодорхойлолт авах, тайлан илгээх, Татварын албанд хүсэлт илгээхийн зэрэгцээ тооцооллын данс, төлөлт болон бусад баримт бичгээ харах, хяналт тавих бүрэн боломжтой.

-Иргэний хувьд татвар төлөгчөөр бүртгүүлэхдээ мөн цахим татварын сис­темийг ашиглах боломж­той юу? 
-Иргэн www.e-tax.mta.mn цахим татварын системд нэвтэрч “Иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх” цэсэнд хандахад “Татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт илгээх” хэсэг гарч ирнэ. Уг хэсгийн асуумжийг үнэн зөв бөглөж, татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ. Хүсэлт илгээсэн иргэний имэйл хаяг болон гар утсанд www.e-tax.mta.mn цахим тат­варын системд нэвтрэх нэр, нууц үгийг илгээснээр ир­гэн татвар төлөгчөөр бүрт­гүүлсэн гэсэн үг. Иргэд ца­хим татварын системд нэвт­рэх­дээ “Татвар төлөг­чийн дугаар”, “Хэрэглэгчийн нэр” нүдэнд өөрийн регистерийн дугаарыг /үсгийн хамт/ оруулна. “Хэрэглэгчийн нууц үг” нүдэнд имэйл хаяг болон гар утсанд ирсэн нууц үгийг ашиглан нэвтэрнэ. Мөн гадаадын иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх бол уг цэсний доод хэсэгт “Гадаадын иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх бол энд дарна уу” хэсэгт дарж, хүсэлтээ илгээснээр татвар төлөгчөөр бүртгэгдэнэ. Татвар төлөг­чөөр бүртгэгдсэн иргэн цахим татварын системийг Тат­ва­рын албанд татвар төлөг­чийн бүртгэл, харьяа­лаг­дах татварын албыг өөрч­лөх, төрлөөр бүртгүүлэх, тат­варын төрлийн бүртгэлээс хасаг­дах, татварын тай­лан­тай холбоотой, тайлан засварлах, тайлан хүлээн авах хугацааг сунгуулах, татвар төлөлттэй холбоотой, суутган тооцоолол, буцаан олголт, татварын орлогын зарлага, тоон гарын үсэг “ШИНЭЭР” авах зэрэг хүсэлтийг илгээх боломжтой. Мөн татвар төлөгч нь “Миний мэдээлэл” хэсэгт орж, хувийн мэдээллийн шинэчлэгдсэн хэсгийг засч болно.

-www.e-tax.mta.mn цахим татварын системд “Бусад этгээд татвар төлөгчөөр бүртгүүлэх” гэсэн цэс байсан. Бусад этгээд гэж ямар байгууллагыг хэлээд байна вэ?
-Бусад этгээд гэдэг нь хуулийн этгээдийн бүрт­гэ­лийн газарт бай­гуу­лагд­даг­гүй, хуулийн этгээ­дийн эрхгүй байгууллагыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, СӨХ, Төлөөний газар, Ойн нөхөрлөл, Бичил уурхай эрхлэгч, төсөл хөтөлбөр, ЭСЯ гэх мэтчилэн Монгол Улсад байгууллагын үйл ажиллагаа явуулдаг хэр нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллагуудыг “Бусад эт­гээд” хэсэгт бүртгэдэг. Бу­сад этгээд www.e-tax.mta.mn цахим татварын сис­темд “Бусад этгээд татвар төлөг­чөөр бүртгүүлэх” гэсэн цэс рүү нэвтэрч хүсэлтээ илгээнэ. Бүртгэлийн бусад асуудал хуулийн этгээд, хувь хүн татвар төлөгчөөр бүрт­гүүлэх дараалалтай адилхан.

-Тэгэхээр татвар төлөг­чөөр бүртгүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээд болон бусад этгээд Татварын албанд заавал биеэрээ очих шаардлагагүй гэж ойлгож болох уу? 
-Татвар төлөгчөөр бүрт­гүүл­сэн этгээд нэг удаа Татварын албанд очих ёстой. Учир нь Цахим тоон гарын үсгийн тухай хуулийн дагуу татвар төлөгч цахим тоон гарын үсгээрээ баталгаажуулж, тайлан болон хүсэлтүүдээ Татварын албанд илгээх шаардлагатай. Цахим тоон гарын үсэг гэдэг нь цахим баримтад гарын үсэг зурсан этгээдийг тодорхойлох зорилготой цахим баримт бичигт хавсаргасан буюу нэгтгэсэн үг, үсэг, тоо, тэмдэг, дүрсийг агуулсан цахим өгөгдлийг хэлж байгаа юм. Тэгэхээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн этгээд цахим татварын системээс тоон гарын үсэг “ШИНЭЭР” авах хүсэлтээ ил­гээнэ. Илгээсэн хүсэлтээ хэвлэн, флаш дискний хамт харьяа Тат­варын албандаа авч очиж, цахим тоон гарын үсгээ авна. Үүнээс хойш ца­хим тоон гарын үсгээрээ Тат­ва­рын албатай харилцаж буй бүх харил­­цаагаа баталгаажуулна гэсэн үг.