ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Бүлэглэлийн нууц ноёнтон”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-05

Монголын бизнесийн салбарт, цаашлаад улс төрийн бүлэглэл дотроо ч нууц байдаг нэгэн эрхэм өчигдөр олны өмнө гарав. Гарлаа ч гэж дээ. Эрүүгийн цагдаагийн газраас хийсэн дуулиантай баривчилгааны буянаар Худалдаа хөгжлийн банкны эзэн, олноо “сахал” гэж алдаршсан Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг монголчууд нийтээрээ харав.

Бүлэглэлийн “нууц ноёнтон” гэх энэ эрхмийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авахад зориулан мөнгө гаргасан, хууль бус ажиллагаанд оролцсон хэргээр саатуулан баривчилжээ. Хэвлэл мэдээллээс ямагт хол байдаг атлаа үргэлж хэвлэлийн гол баатар болж байдаг, улс төрийн томчуудыг мөнгөөр “угждаг” гэх мэтээр түүний тухай саар мэдээллүүд тасардаггүй. Юутай ч муу муухайг хийсэн бол буруугаа хүлээх, хийгээгүй бол хэргээ шүүлгээд гарч ирэх боломж түүнд гарч ирлээ.

Олны хэлээд байгаа шиг тэр луйварчин, хулгайч, мөнгө угаасан гэмт хэрэгтэн үү, эсвэл жирийн бизнес эрхлэгч үү гэдгийг хууль шүүх тогтооно. 49 хувийг худалдан авсан ажиллагаа өөрөө хууль бус байсан нь олон нотлох баримтаар тогтоогдож байгаа энэ цагт Д.Эрдэнэбилэг л лав энхийн цагаан тагтаа биш. Тиймдээ ч хуулиас давсан үйл ажиллагаа явуулж болдоггүйг, улстөрчдийг УИХ, Засгийн газартай нь худалдаж авч болдоггүй юм гэдгийг ойлгох биз ээ.

Монголын хууль түүнийг дуудлаа. Хэн ч байсан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр зангиагаа зүүгээд, гутлаа тослоод очих ёстой. Тэр ч ёсоор байцаалт өгч, цагдан хоригдлоо. Д.Эрдэнэбилэгт одоо энэхүү хулгайд хэн хэн оролцсон, хөшигний цаана байгаа томчуудаа ээлж дараалан нэрлэх боломж нээгдэж байна. Ямбыг нь хувааж эдэлсэн хүмүүсээ орхиод, ялыг нь ганцаараа үүрнэ гэж юу байх билээ. Тэгээд ч хэрэг хийсэн л бол хэргээ хүлээгээд, ялаа эдлэхээс өөр яалтай.