ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Газраа зараад хөгжих юм бол бүгдийг нь гадныханд өгчихье

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-04

-Нийслэлийн газрыг гадны иргэнд биржээр арилжаалах өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж байна-

 

Өнгөрөгч лхагва гарагт хуралдсан Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа газрыг энэ хуулийн 44.4-д заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд ашиглуулах асуудлыг нийслэлийн газрын биржээр дамжуулан дуудлага худалдаагаар арилжаалах замаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг оруулж иржээ.

Өөрөөр хэлбэл, өмнөх хуульд нь 44.4 гэх заалтад Монгол Улсад 183 хоногоос дээш хугацаатай оршин сууж буй гадаадын иргэнд гэр бүлийн зориулалтаар ашиглуулах эрхийг дуудлага худалдаагаар олгох эрх аймаг, сумын Засаг даргад байна хэмээн заасан байдаг бол лхагва гарагт хэлэлцсэн өөрчлөлтөөр 44.5 гэх заалтыг нэмж, нийслэлийг оруулж ирсэн бөгөөд ингэхдээ Нийслэлийн Засаг дарга биш харин Газрын албаны дэргэдэх биржээр дамжуулан дуудлага худалдаанд оруулж, ашиглуулна гэж оруулж иржээ. Харин энэ заалт гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарав. Улмаар, хотын газраа биржээр дуудлага худалдаанд оруулж ашиг­луулж байгаа ч нөгөө талд бид газраа гадны иргэдэд арилжаалж, эзэмшүүлж байна гэсэн үг учраас үндэсний аюулгүй байдал талаасаа хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй зүйл гэдгийг Ж.Энхбаяр гишүүн онцолсон юм. Тэрбээр, “Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа газрыг гадны иргэнд ашиглуулах асуудлыг арилжаалах замаар ашиглуулна гэж байна. Гэхдээ биржээр дамжуулаад зарна гэнэ. Сумын Засаг дарга арилжаална гэж байгаа. Арилжаална гэдэг чинь төлбөр авна гэсэн үг. Үүнийг яах юм бэ. Сум болгон гадны хүмүүст газраа өгөөд байх юм уу. Үүнийг анхаарах ёстой.

Ямар хүмүүст вэ гэдгээ хязгаарласан юм билээ. Гэхдээ нэгэнт дуудлага худалдаагаар арилжаалсан учраас сүүлд эзэмших асуудал нь нээгдэнэ. Эдийн засгийн эргэлтэд орчихно. Биржээр дамжаад авчихаар өмч болно. Гэрчилгээ олгогдсон учраас хэцүү байдалд орно. Түр оршин сууж байгаа иргэд биржээр дамжуулж газар эзэмших эрхийг нээж байна. Эдийн засгийн ашгаас илүү үндэсний аюулгүй байдал гэж зүйл байх ёстой. Гадны нэг иргэн гэр бүлдээ зориулж газар худалдаж авна. Үүнийг нь төр баталгаажуулж гэрчилгээ өгөх нь байна” гэв. Харин гишүүний асуултыг тэд үгүйсгэж “Илүү нээлттэй, ил тод болж байна. Ашиглуулах асуудлыг дуудлага худалдаагаар Засаг дарга шийдэж байсан бол бид биржээр дамжуулж өгнө. Энэ бол дэвшил” хэмээн өөрсдийгөө хамгаалав. Өнөөх л алдарт Су дарга энэхүү толгой эргүүлсэн хуулийн заалтыг өмөөрөхдөө “Гадны улс орнууд газраа ашиглаад баяжсан жишээ олон байгаа. Гэтэл манайх үнэгүй өгчихдөг. Тэд нь үнэгүй ашиглаад өмчлөөд явж байгаа. Ашигтай байрлалтай биш газрууд дуудлага худалдаанд ордоггүй. Цаашдаа нэг Засаг дарга биш Газрын биржээр дамжаад илүү ил тод болно” гэсэн тайлбар өгч хамгаалсаар дэмжлэг авав.

Нэг талаас харвал Су даргын түмэн зөв. Газрын албаны дэргэдэх байгууллага нь дуудлага худалдаанд оруулж, эзэмших, ашиглах эсэхийг ил тодоор шийднэ гэвэл түүн шиг баяртай мэдээ алга. Бас газраа мөнгөтэй гадныханд ашиглуулаад л дэлхийн хөгжингүй орнууд шиг хагартлаа баяжиж, техник технолигиор гайхуулж, агаар, хөрсний бохирдол, өмхий үнэр, хогноосоо салчихна гэвэл бүх газраа ч арилжаалахад бэлэн байна. Өвөлдөө утаагүй, зундаа борооны усандаа живж үхэхгүй амьдрах тийм хотыг газраа арилжаалснаар бий болгочихдог бол нийслэлийн нүх сүв болгонд үлдсэн газрыг нийтээр нь гадны иргэнд ашиглуулсан ч болохгүй гэх зүйл алга. Гэвч ийм үлгэрт нийслэлчүүд итгэх итгэлээ алдаад хэдэн арван жил өнгөрчихлөө, Су дарга аа. Тиймдээ ч зараагүй үлдсэн хэдэн га газраа одоо мөнгөтэй гадныхан арилжаалж, тун удахгүй нийслэл хотод маань Монгол Улсын иргэн гишгэх газаргүй үлдэх вий гэсэн Ж.Энхбаяр гишүүний болгоомжлол илүү амьдралд ойрхон сонсогдож байх юм. Тун саяхан УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэлийг Дорнод аймагт ажилтай явж байх үед хятад иргэн “Миний газар дээгүүр зөвшөөрөлгүй явлаа” хэмээн хөөж буй бичлэг соошл орчинд тарсан. Улмаар, асуудлыг шалгаж үзэхэд эхнэр болох монгол бүсгүйн нэр дээр газар ашиглах гэрчилгээ авч, улмаар хууль бусаар ноосны үйлдвэр барьсан нь олонд ил болж, газар ашиглах эрхийг нь цуцалж байв. Өнөөх 44.4 дүгээр заалтын үр нөлөө ингэж гарсан хэрэг.

Гэр бүлийн зориулалтаар гэдэг үгний цаана, мөн аймаг, сумын Засаг даргын эрх мэдлийн үр дүнд хэчнээн гадны иргэн монгол бүсгүйн нэрээр газар ашиглах гэрчилгээ авсныг одоогоор тоолж гаргасан дүн мэдээ алга. Монгол Улсын нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй, эзэмшээгүй зөвхөн ашиглаж байна гэсэн шалтгаанаар хэчнээн гадны иргэн хууль бусаар ашиглаж, эдийн засгийн үр ашиггүй болгож буйг тоолж гаргасан баримт Су даргад байхгүй нь ойлгомжтой. Мэдээж ашиглана гэдэг зөвхөн арилжаагаар авчихаад дарж хэвтэнэ гэсэн үг биш. Ямар нэг байдлаар тэд ашгаа олохын тулд газрыг ухаж, эсвэл барилга барьж ашиглаж л таарна. Хэдэн давхар тансаг хаус босгочихвол, эсвэл Төв талбайн хажууханд үйлдвэр барина аа гэж зөрүүдлээд унавал хэрхэх билээ. Нэгэнт л биржээр дуудлага худалдаанд орж арилжааных нь мөнгийг төлөөд авчихсан учраас хөгжмөө захиалах эрх нь тэдэнд шилжинэ. Яг л ашиглах газартаа ноосны үйлдвэр барьчихсан мөнгөтэй хятад шиг. Дорнодын нэг суманд болсон асуудал юм шиг боловч маргааш хотын газраа биржээр арилжаалж эхлэх үед хотын бид ч гишгэх газраа заалгаж эхлэх болгоомжлол буйг хаа хаанаа анхаарахгүй өнгөрч боломгүй.

Ерөөс өнөөдөр ч гэсэн нийслэлчүүд хотын төвөөсөө гараад л алхах гишгэх газраа хянуулж эхэлдэг болсон нь худлаа биш. Араб, Кувейтын тансаг хаусууд Богд уулыг эмжиж, төмөр торон хашаагаар ам болгоныг хашаалчихсан. Мөнгөтэй арабын эзэмшил газарт явж байсан мөнгөгүй нэгэн монгол гэр бүл аймшигт ослын хохирогч бус бараг л буруутан болж байсан жишээг ч энд дурьдая. Төв аймгийн нутаг тэр чигээрээ Солонгос, Хятад, Кувейтуудын эзэмшилд шилжиж, машинтай, явган монголчууд хөөгдөж туугдаж байгааг худлаа гэж хэлэх хүн гарахгүй л байх. Тун удахгүй нийслэл хот дотроо ч хөл тавих газаргүй болох нь, энэ байдлаараа.