ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Одончимэг: Нийлэг уутыг хориглосон тогтоолд эрхзүйн зохицуулалт тааруу байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-03-12

Гуравдугаар сарын 1-ний өдрөөс нийлэг уутыг хэрэглэхийг хориглож буй. Тэгвэл уг тогтоол хэрхэн хэрэгжиж байгаа талаар НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Одочимэгээс тодрууллаа. 

-Нийлэг уут хэрэглэхийг хориг­лосон тогтоол гараад удаагүй байна. Хэрэгжилт хэр байна вэ?

-Монгол улсын Засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоолоор бүх төрлийн 0.035 мм гялгар тор болон түүнээс нимгэн нэг удаагийн зориулалтаар ашиглах нийлэг уутыг үйлдвэрлэх, худалдах импортлохын хориглох шийдвэр гарсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэхэд  эрхзүйн хувьд асуудалтай байна. Хэрвээ тогтоол зөрчиж, хориглосон нийлэг уут хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулинд  санкц байхгүй. Өөрөөр хэлбэл арга хэмжээ авах асуудал тусгагдаагүй. Хог хаягдлын тухай хуульд Хог хаягдлын тухай хууль зөрчих гэдэг зөрчлийн тухай хуулийн бүлэгт  хууль , дүрэм журам гэдэг үг бий. Харин тогтоол гэдэг үг байхгүй учраас бид  зөрчил хэмээн бүртгэж арга хэмжээ авах  эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн үг. Тийм учраас мэргэжлийн хяналтын байгууллагаас Улсын ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлсэн. Улсын ерөнхий прокурорын газар албан бичгийг судалж үзээд  Хууль зүй дотоод хэргийн яаманд Зөрчлийн тухай хууль болон Засгийн газрын 189 дүгээр -тогтоолд өөрчөлт оруулах асуудал тавьсан. 

-Торгох  эрхзүйн  зохицуулалт байх­гүй гэхээр тогтоолыг зөрчсөн аж ахуй нэг­жид ямар арга хэмжээ авна гэсэн үг вэ?

-Нэгэнт энэ тогтоол хэрэгжээд эхэлсэн учраас тогтоол  болон  зөрчлийн тухай хууль өөрчлөгдтөл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 19.8-д зааснаар улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд шаардлага хангаагүй нийлэг уутыг хураана. Хураасан нийлэг уутаа улсын байцаагчийн актыг үйлдээд аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын  тамгын газрын дэргэдэх орон тооны бус зөвлөхөд шилжүүлнэ. Ингэж шилжүүлснээр мэргэжлийн хяналтын байгууллагын гүйцэтгэл дуусна гэсэн үг. Улмаар хүлээж авсан комисс устгалын ажлыг  хариуцаж хийх ёстой. Эрхзүйн хувьд  ийм байгаа. Байгаль орчны яамнаас 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой зааварчилгааг гаргасан. Энэ зааварчилгаанд үйлдвэрийн анхдагч савлагааг хориглохгүй, мөн нийлэг уутны аль нь болох, болохгүйг  зааварчилгаандаа тусгасан. Гэхдээ энэ зааварчилгаа хяналт тавьж буй хүндээ ч тэр, хянуулж байгаа аж ахуй нэгжид ч тэр зарим нэг ойлгомжгүй зүйлүүд байгаа. 

-Хүнсний дэлгүүрүүд ялангуяа гэр хорооллын дэлгүүрүүд хориглосон гялгар уутыг хэрэглэсээр  байгаа шүү дээ. Үүнд танай байгууллагаас хяналт  тавьж байгаа юу?

-Манай байгууллагаас худалдаа үйл­чил­гээ, үйлдвэрлэл гэх мэт үйл ажиллагаанд. төлөвлөгөөт шалгалтууд хийж байгаа. Уг төлөвлөгөөт шалгалтыг 189 дүгээр тогтоолт тусгаснаар хийж байна. Тэгэхээр тухайн зарлагдсан обьектод очиж л байвал манай байцаагч нар холбогдох арга хэмжээг  аваад явж байгаа. Харин төлөвлөгөөт шалгалтад хамрагдаагүй, үлдсэн газруудад зөрчил  илрэхийг үгүйсгэхгүй. Иргэд  ч өөрсдөө бидэнд мэдээлж болно. Мэргэжлийн хяналтын  байгууллага Төрийн хяналт  шалгалтын тухай хуулиар шалгалт хийхдээ төлөвлөж хийдэг. Мөн  төлөвлөгөөт бусаар буюу аж, ахуй нэгж байгууллагын иргэний хүсэлт өргөдөл,  гомдлыг дагуу хийх эрх зүйн зохицуулалттай. Үүнээс гадна урьдчилан  сэргийлэх зорилгоор салбарын шалгалт хийдэг. Энэ хүрээнд бүх шалгалтын удирдамжид нийлэг уутыг хориглох заалтыг оруулсан учраас хэрэглээг  хязгаарлах арга хэмжээг авна. 

-Иргэд хүнсний дэлгүүрээс хориг­лосон нийлэг ууттай бүтээг­дэхүүнүүд  авсаар байгааг харахаар тог­тоол  хэрэгжихгүй байгаа юм шиг хараг­даж байна?

-Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих үүрэгтэй. Бодлоыгн асуудлыг яам шийдэх ёстой. Энэ тогтоол өнгөрсөн жилийн зургаадугаар сард гарсан. 2019 оны нэгдүгээр сар гэхэд  бэлтгэл ажил хийгдсэн байх ёстой. Жишээлбэл, хориглосон гялгар уутыг  халсан тохиолдолд үүнийг юугаар орлуулж болох вэ гэдгийг бодлогын  хүрээнд БОАЖ-ын яам шийдсэн байх ёстой. Харин манай байгууллагаас энэ тогтоол гуравдугаар сарын 1-ний өдрөөс  хэрэгжиж эхэлнэ гэдгийг хэлээд, төлөвлөгөө гаргаж ажилласан. Бидний зүгээс 189 дүгээр тогтоолыг сурталчилан таниулах, хоёрдугаарт нийт дүүргийн хэмжээнд албан тоотоор мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд хэрвээ тухайн аж ахуй нэгж шаардлага хангахгүй зузаантай тор хэрэглэж байгаа тохиолдолд гуравдугаар сарын нэгнээс өмнө халаад,  шаардлага хангасан зузаан нийлэг уут, сав баглаа боодлыг хэрэглэх ёстой гэдэг  албан  ёсны мэдэгдлийг хүргүүлчихсэн байгаа. 
-Томоохон худалдааны төвүүдэд ашиглаж байгаа уутнууд шаардлага хангаж байгаа гэж үзэж байгаа юу? 
-Хэмжилт хийгдэхгүйгээр шаардлага хангах эсэхийг хэлж болохгүй. Хэмжилтийг тусгай багажаар хийж байж  шаардлага хангасан эсэх асуудал яригдана. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд 300 орчим нийлэг уутны хэмжилтийг бид худалдаа болон үйлдвэрээс авч үзсэн. Үйлдвэрийн уутнууд харьцангуй зузаан байсан. Худалдаанд байгаа нимгэн, улаан, цэнхэр, алаг тор,  хогний уутнууд  бүгд шаардлага хангаагүй. Харин үйлдвэрийн савалгаатай чихэр, печень гэх зэрэг бүтээгдэхүүнийг  гялгар уутыг  хориглоогүй.