ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Будлиан хутгагч

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-13

Монголд бүх зүйл буруу явж байна. Төрөө дээрэмдсэн нь шударга болдог. Эгэл иргэдийн халааснаас мөнгө дээрэмдсэн улстөрчид нь эх оронч болдог цаг ирэв. Тэр ч байтугай “хулгайч” өөрийгөө хулгай хийгээгүй гэж зурагтаар ярьж, түүнийгээ хэсэг бүлэг хөлсний жиргээчдээр өмөөрүүлчихвэл шударга бизнес эрхлэгч, бас улстөрч болдог буруу тогтолцоо бий болов. Үнэнийг ярьсан нь харин поп, нэр хүнд олж авах гэсэн шоучин болдог хачин нийгмийг бид үзэж байна. Энэ буруу тогтолцооны нэг тод жишээ нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг. Саяхан л монголчууд нийтээрээ энэ залууг гэмт хэрэгтэн хэмээн цоллож, Оюутолгойг найр тавьж өгсөн, далд уурхайн гэрээг дампууруулсан “хулгайч” хэмээн буруутгаж байлаа.

Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр шиг адгийн новш энэ улсад байхгүй хэмээн зүхэж байсан хүмүүсийн шүлс нь ч хатаагүй байгаа. Гэтэл телевизийн тавилттай нэвтрүүлэгт оролцож, өөрийгөө гэмгүй хэмээн ярихтай зэрэгцэн Ч.Сайханбилэг шиг гэмгүй хүн байхгүй болчихлоо. “Тэр ямар ч гэмгүй хүн л гэнэ. Бодлого ярьдаг улстөрч шал өөр юм аа. Энэ залуу тооцоо судалгаатай ярилаа” гэх мэтээр өмгөөлөх үгээ олж ядаж байна. Ямар ч хулгайч өөрийгөө хулгай хийснийг ил тод ярихгүй. Ямар нэг байдлаар л өөрийгөө өмгөөлж, уснаас хуурай гарах гэж оролддог номтой юм. Тэр ч ёсоор Ч.Сайханбилэг биеэ өмөөрсөн. Өнгөрсөн хугацаанд хэрхэн уснаас хуурай гарахаа ч тооцоолж, үг нэг бүрээ цэгнэж, үйлдлээ ч хянасан нь ярилцлагын үеэр илхэн байлаа. Тэглээ гээд тэр энхийн цагтаа биш. Гэмт хэрэгтэн гэдгийг ч хэлж мэдэхгүй юм.

Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг луйвардаж авсан, мөнгө угаасан гэмт хэрэг гарлаа хэмээн нийгмээрээ шуугиж буй энэ цагт, зориуд эрхээсээ татгалзаж, мөнгө байсаар байхад худалдаж аваагүй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг яагаад гэмгүй болчихдог юм бэ. Үүнийг л ойлгохгүй байна. Тэр хамгийн түрүүнд шалгуулах ёстой хүний нэг. Ачигдах ёстой хүн нь банкны эзэн биш Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шүү. Тийн атал “Бидний цөөхөн монголчууд” телевизийн захирал болсноо гайхуулж, нийгмийн сүлжээгээр өөрийгөө гэмгүй мэт сурталчлуулж, эфирийн өмнө биеэ өмгөөлж сууна. Та шалгуулж байх ёстой хүн. Юуных нь телевизийн захирал, эх орноо хамгаалсан баатрын дүртэй бодлого ярьдаг улстөрч вэ. Төлбөрт жиргээгээр өөрийгөө өмгөөлүүлж, төрийн хуулиас зугтдаг үе өнгөрсөн шүү дээ, экс Ерөнхий сайд аа. Та олон зүйл дээр будлиан хутгасан хүний нэг.