Өдгөө УИХ-ын гишүүн бас сайд болсон нэгэн эрхэм тэр жил БЗД-ийн Засаг дарга байх үедээ “Нохойн хөшөө хийснээс хойш манай дүүргийн эх, хүүхдийн эндэгдэл буурсан” хэмээн хэнэггүй ярьж билээ. Гэтэл саяхан эх, үрсийн баяраар тус дүүргийн төлөөлөгч Бурханы шашны хийдэд очиж дүүргийнхээ хүүхдүүдийг даатгаж, хүүхдийн банзрагч 500 төгрөгөөр уншуулжээ, хөөрхий. Түүнийгээ олон нийтийн сүлжээнд тавьж, “Би хоёр жил дараалан ийнхүү хүүхдийн төлөө үр дүнтэй ажилласан” хэмээн сурталчилж явна. Манай Баянзүрх дүүрэг хүүхэд хамгааллын талаар бусад дүүргээс хол тасархай гэдгээ харуулж явна, та минь.
Удахгүй Баянзүрх хайрханаа дүүргийнхээ хүүхдүүдэд зориулж тахилаа, түүнээс болж манай дүүрэгт хүүхдэд ээлтэй дүүрэг болж, дэлхийд байхгүй туршлага нэвтрүүллээ хэмээн мэдээлэл хийвэл би лав гайхахгүй боллоо. Ер нь бусад дүүргүүд энэ дүүргийн тэргүүн туршлагаас нэвтрүүлбэл зохилтой. Тэгээд ч цаашдаа хүүхдийн эмнэлэг байгуулахын оронд хүүхдийн банзрагч уншдаг хийд байгуулж байя. Нохойтой хөшөө байгуулснаар хүүхдийн эндэгдэл буурчихдаг юм бол нэг хөшөө байгуулаад орхих биш нэлээд хэдийг хотын хэмжээнд байгуулмаар байна. Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, хүрээлэнгээр ч ер нь яадаг юм. Бүгдийг нь татан буулгаад оронд нь овоо, сүм, дуган, хөшөө бүтээн байгуулаад, тэр ном уншуулж, хөшөө босгодог дарга нарыг төр түшдэг түшээ биш ном уншдаг лам болгоод суулгавал бидэнд л тустай бололтой.