Өнөөдрийн байдлаар иргэний үнэмлэх, гадаад паспортын онлайн захиалга эхлээгүй байна. Харин хүлээн авах програм хангамж болон бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Онлайн захиалга хэзээ эхлэх болон, ямар давуу талтай талаар УБЕГ-ын ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс тодрууллаа
-Гадаад паспортын хэвлэлт удааширч, иргэдэд багагүй хүндрэл учирсан. Хэвлэх ажиллагаа хэвийн болсон уу?
-Гадаад паспорт хэвлэх машинд эвдрэл гэмтэл гарсан зүйл байхгүй. Гэхдээ гадаад паспортын хэвлэлт буюу иргэдэд олголт хугацааны хувьд удааширсан нь үнэн. Удааширсан шалтгаан нь гуравдугаар сард улсын бүртгэлийн байгууллагаас иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй хүргэхийн тулд гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалах ажлыг төлөвлөн, туршилтын ажлыг эхлүүлсэн юм. Үүнтэй холбоотой програмын шинэчлэл буюу системд өөрчлөлт хийсэн учраас удааширсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүлээгдэж байсан гадаад паспортын хэвлэх үйл ажиллагааг хэвэнд нь орууллаа. Өнөөдрийн байдлаар хэвийн ядагдаж байна.
-Гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалахтай холбогдуулаад туршилтын ажил хийсэн гэлээ. Яг хэзээнээс жигдрэх вэ?
-Хамгийн энгийнээр хэлэхэд амьдарч буй газраасаа гэрээсээ, ажлаасаа онлайнаар захиалгаа өгөх боломжтой гэж ойлгож болно. Энэ долоо хоногоос иргэний цахим үнэмлэхний онлайн захиалгыг хүлээж авна. Харин гуравдугаар сарын сүүлээр гадаад паспортын онлайн захиалгыг хүлээж авахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд иргэний цахим үнэмлэхний онлайн захиалгыг авахдаа хаяж үргэдүүлсэн иргэдийн захиалгыг хүлээж авна. Өөрөөр хэлбэл 25 болон 45 насны сунгалтыг өөрсдийн харьяа дүүрэгт хүлээж авах юм. УБЕГ-аас иргэний цахим үнэмлэхний захиалга хүлээж авахдаа иргэдэд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан мэдээлэх юм. Ингэхдээ иргэд хаанаас хэрхэн ямар байдлаар захиалах талаар нэгдсэн мэдээлэл хүргэнэ. Гадаадад байгаа хүмүүстээ ч мөн хэрхэн хаана хандаж захиалах талаархи мэдээллийг дэлгэрэнгүй хүргэнэ.
-Цахим хэлбэрт шилжсэн лавлагааг тодруулахгүй юу?
-Улсын бүртгэлийн багц хууль 2018 оны 11 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор burtgel.mn цахим системийг нэвтрүүлж эхэлсэн. Тус цахим системээс иргэд цаг хугацаа орон зайнаас үл хамааран өнөөдрийн байдлаар 23 төрлийн лавлагаа мэдээллийг шууд авах боломжтой болсон.Хууль хэрэгжих үед 10 төрлийг олгож байсан бол энэ тоог үе шаттай нэмэгдүүлсээр 23 болгоод бна.Цаашид энэ тоог нэмэгдүүлэх, үйлчилгээг шуурхай хүргэх зорилт тавин ажиллаж байна. Тодруулбал, регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай, гадаад паспорт дахин болон шинээр авсан, гадаад паспорт огт авч байгаагүй тухай, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай, цахим үнэмлэх, оршин суугаа хаяг, төрсний бүртгэл, гэрлэсэн эсэх, гэрлэлт дуусгавар болсныг бүртгүүлсэн тухай, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй гэх мэт лавлагааг цахимаар олгож байна.
-Хууль хэрэгжиж эхэлснээр ямар үйлчилгээнүүдэд өөрчлөлт орсон бэ?
-Хуулийн гол зохицуулалт нь онлайн үйлчилгээг түлхүү нэвтрүүлэх юм. Хэд хэдэн үйлчилгээний шат дамжлагыг бууруулсан. Тухайлбал, шилжилт хөдөлгөөнийг хийлгэхэд иргэд зайлшгүй хоёр талдаа очдог байсан бол, зөвхөн нэг талдаа буюу шилжин явах газартаа хандахад л таны мэдээлэл шилжиж очих газар очдог болсон гэсэн үг. Мөн харьяалал харгалзахгүй 10 бүртгэлийг улсын байгууллагаас хийж байна. Нийслэлийн есөн дүүрэг, дөрвөн төв, 108 хороо, 21 аймагт харьяалал харгалзахгүй арван бүртгэлийг хийнэ. Тодруулбал, төрсний, гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний, иргэний байнга оршин суугаа газрын хаягийн, эцэг эх тогтоосны, нас барсны, иргэний үнэмлэхийн, биеийн давхцахгүй үйлдлийн (хурууны хээ), үндэсний гадаад паспортын бүртгэлийг харьяалал харгалзахгүй хийнэ. Ер нь бол бүртгэлийн байгууллага аль болох иргэд рүү ойртсон, цахим үйлчилгээнүүдийг шат дараатай хүргэхээр төлөвлөөд ажиллаж байна.