Хаваржилтын нөхцөл байдлын талаар ХХААХҮ-ийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтын газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа.
-Хаваржилтын нөхцөл байдал ямар байна вэ. Увс, Завхан зэрэг зарим аймгуудад хаваржилт хүндэрсэн гэх мэдээлэл байгаа?
-Өнөөдрийн байдлаар Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд, Баянхонгорын зүүн, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун Дорнодын төв хэсгээр 1-20 см-ийн цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь сумын нутагт 20 см цастай байгаа юм. Мөн Хяргас, Баруунтуруун сумдад 15-18 см цастай байна. Хаваржилтын нөхцөл байдлын дүнг Засгийн газарт танилцуулаагүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ирэх пүрэв гарагт албан ёсоор нэгдсэн тайланг танилцуулсны дараа хаваржилтын талаар албан ёсоор мэдээлэл хийнэ. Хаваржилт нийт нутгаар ер нь гайгүй байгаа. Айхтар хүндэрсэн газар одоогоор байхгүй.
-Хаваржилт хүндэрсэн аймгуудад хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл олгож байгаа гэсэн. Ямар ямар аймгууд энэ хөнгөлөлттэй тэжээлд хамрагдах вэ?
-Хаваржилтын байдалтай танилцах шуурхай ажлын хэсэг 21 аймагт ажилласан. Энэ үеэр зарим аймгуудын хаваржилтын байдлыг дүгнэж, улсын нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэйгөөр өвс, тэжээл олгохоор болсон. Тухайлбал, Баян-Өлгий аймагт улсын нөөцөөс 700 тонн өвс, 480 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад олгохоор болсон. Энэ өвөл цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас Баян-Өлгий аймагт он гарснаас эхний хоёр сарын байдлаар 25 мянга гаруй толгой мал зүй бусаар хорогдсон. 26 гаруй мянган толгой мал хээл хаяж, аймгийн 12 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа. Тиймээс өвөл, хаврыг хүндрэл багатай даван туулахын тулд орон нутгийнхан өөрсдийн хүчээ дайчлан дунд, дундаас доош тарга хүчтэй малыг нэмэгдэл болон байнгын тэжээлд оруулж, малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийг бүрэн зарцуулах шаардлагатай байна. Тиймээс аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр аймгийн аюулгүйн нөөцөөс өвөлжилт хүндэрсэн сумдад хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл хуваарилж байгаа. Мөн Ховд аймгийн хаваржилтын нөхцөл байдлыг үндэслэн эхний ээлжинд 450 тн өвс, 270 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэр гарсан.
-Энэ жил хэчнээн мал төллөх вэ. Мал төллөлт хэдэн хувьтай байгаа юм бол?
-Мал төллөлт дөнгөж эхэлж байна. Одоогийн байдлаар нийт төллөх эх малын 2.2 хувь нь буюу 683 мянган мал төллөөд байна. Үүнээс 661.2 мянган төл бойжиж байгаа. Тухайлбал, хамгийн их хээлтэгч малтай аймаг болох Хөвсгөлд энэ жил 2.545.636 мал төллөхөөс 10 гаруй мянган нь төллөөд байна. Өөрөөр хэлбэл, тухайн аймгийн нийт төллөх малын дөнгөж 0.4 хувь нь гэсэн үг. Одоогийн байдлаар Увс аймаг мал төллөлтөөрөө тэргүүлж байна. Нийт төллөх малынх нь 5.9 хувь төллөсөн. Харин төлийн бойжилтын хувьд Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Дундговь зэрэг аймгууд төлийн хорогдолгүй буюу гарсан төл нь 100 хувь бойжиж байгаа юм. Хамгийн их төлийн хорогдолтой байгаа нь Хөвсгөл, Завхан зэрэг аймгууд. Хөвсгөл аймагт л гэхэд нийт төлийнх нь 20 гаруй хувь хорогдсон байх жишээтэй. Улсын хэмжээнд нийт 213.1 мянган толгой мал хорогдсон. Энэ нь нийт малын 0.3 хувийг эзэлж байгаа юм.
-Хаврын хорогдол багатай даван туулах талаар яамнаас ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ?
-Хаваржилтын бэлтгэл ажил, ялангуяа мал төллөх ажлын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд малчин өрх бүрийн хувийн бэлтэлийг хангуулах, малчдад өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, ус хангамжыг нэмэгдүүлэх, аймаг, сум, баг хоорондын хамтран ажиллах төлөвлөгөө гаргах зэрэг ажлыг зохион байгуулах зэрэг ажлыг хамгийн түрүүнд хийх шаардлагатай. Түүнээс гадна орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагаас малчдад туслах илгээлтийн эзэн, туслах малчдыг зохион байгуулах хэрэгтэй.