Иргэний цахим үнэмлэхийг цахимаар захиалах боломжтой болсон талаар УБЕГ-ын дарга Б.Баасандоржоос тодрууллаа.
-Иргэний цахим үнэмлэхний онлайн захиалгыг эхлүүлснээр ямар боломж нээгдэх вэ?
-Одоохондоо иргэний үнэмлэхний хэрэглээ бага байгаа. Бид иргэний үнэмлэхний цахим хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор шат дараалалтай арга хэмжээ авч байна. Үүний нэг нь иргэний цахим үнэмлэхний чипэд тоон гарын үсгийг шивж өгч байгаа. Тус чипэд иргэний байнгын оршин суугаа хаяг, төрсөн газрын мэдээлэл, хурууны хээ, цахим гарын үсэг, иргэний үнэмлэхний дугаар зэрэг багтах юм. Дээрээс нь, орон нутаг болон нийслэлд хийсэн шилжилт хөдөлгөөний мэдээлэл ч гэсэн багтана. Мөн Монгол Улсын иргэн бүрийн цахим үнэмлэх дээр Улсын бүртгэлийн дахин давтагдашгүй 12 оронтой дугаарыг бичихээр төлөвлөж байна. Ингээд хялбар болгоод өгөхөөр иргэд олон тоо цээжлэх шаардлагагүй. 12 оронтой тоогоо мэдэж байхад бүх мэдээллийг хардаг болгох юм. Бид цахим үнэмлэхэд татвар төлөгчийн болон нийгмийн даатгалын дэвтрийн дугаар. Мөн эрүүл мэндийн дэвтэр, жолооны үнэмлэхний дугаарыг нэгтэж оруулахаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Мөн цахим үнэмлэхээ захиалчихаад, хүргүүлж авах боломжийг нээж өгөх юм.
-Иргэний үнэмлэх онлайнаар захиалахад иргэдийн зүгээс юу шаардлагатай вэ. Хаясан гээсэн тохиолдолд хэдэн төгрөгөөр авах вэ?
-Иргэд аль нэг банкны онлайн худалдаа хийх эрхийг авсан байх шаардлагатай. Мөн өөрийнхөө мэдээллийг үнэн зөв оруулчихсан байхад хангалттай юм. Банкны онлайн эрх гэдэг нь и-пин код авахыг хэлээд байгаа хэрэг. Энэ кодыг авсан иргэд иргэний үнэмлэхээ цахимаар захиалж болно. Аль ч төрийн байгууллага, банкинд очсон иргэний үнэмлэхээ уншуулснаар тухайн иргэний хаягийн мэдээлэл гарч ирнэ. Хаясан гээсэн тохиолдолд 38500 төгрөгийн төлбөр төлж, үнэмлэхээ авна.
-Цахим үнэмлэхээ хүргүүлэн авч болно гэсэн үү?
-Бид “Монгол шуудан”-тай хамтран ажиллаж байгаа. Эхний ээлжинд нийслэлийн иргэд “Монгол шуудан”-гаар дамжуулан гэртээ болон ажил дээрээ хүргүүлэн авч болох боломжийг нээж өгөхөөр ажиллаж байна. Гэхдээ одоохондоо хэрэгжиж эхлээгүй. Цаашид нийслэлд гэлтгүй орон нутгийн иргэдэд энэхүү боломжийг тусгаж өгөх болно.
-Иргэний үнэмлэхний цахим захиалгыг хэзээнээс авч эхэлсэн бэ. Одоогийн байдлаар хэдэн хүн захиалаад байна?
-Иргэний цахим үнэмлэхний захиалга энэ сарын 19-ний өдрөөс эхэлсэн. Нийтдээ 154 иргэн хандсан. Үүнээс долоон иргэний захиалга баталгаажсан байгаа. Хамгийн түрүүнд онлайнаар захиалсан Болдбаатар овогтой Адъяадоржийн үнэмлэх гарчихсан.
-Иргэний цахим үнэмлэхээ заавал өөрийн биеэр очиж авах уу. Хэд хоногт захиалга бэлэн болох вэ?
-Иргэний үнэмлэх захиалсан хүмүүс заавал өөрөө очих албагүй. Ойр дотны хүмүүсээ явуулж авах боломжтой. Тухайлбал, тухайн иргэний төрсөн дүү нь манай бүртгэлийн байгууллагад ирэхэд, хурууны хээг нь уншуулаад, бүртгэж авах юм. Ингэснээр тухайн иргэнтэй холбоотой эсэх мэдээлэл баталгаажиж, иргэний үнэмлэхээ авч болно. Цахим үнэмлэх нийслэлд гурав, орон нутгаас захиалбал 10 хоногт бэлэн болно. Гэхдээ орон нутгийн иргэн Хөвсгөл аймгаас захиалаад, Сүхбаатар дүүргээс авъя гэвэл гурван хоногт гаргаж өгнө.
-Гадаад паспортыг цахимаар захиалж болох уу?
-Бид гадаад паспортыг иргэний үнэмлэхтэйгээ адил цахимаар захиалах боломжийг бүрдүүлж, холбогдох байгууллагуудтай нь хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. Бид иргэддээ аль болох түргэн шуурхай хурдан үйлчлэхийг зорьж байна.
Д.Отгонтуяа