ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Янжиндулам: Жилд 12 мянган иргэн сүрьеэгээр өвчлөх боломжтойгоос, 4000 нь л бүртгэгддэг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-25

Сүрьеэгийн халдвар, тархалтын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны их эмч П.Янжиндуламаас тодрууллаа. 

-Сүрьеэгийн тархалтын нөхцөл байдал манай улсад ямар түвшинд байгаа вэ. Өвчлөл өндөртэй орны тоонд орж байгаа гэсэн?

-Дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвар авчихсан байдаг. Эдгээрийн 10 сая гаруй нь сүрьеэгээр өвчилсөн байдаг. Манай Улсын хувьд халдвар авсан 10 хүн тутмын нэг нь өвчилдөг. Сүрьеэгийн халдвар авсан ч дархлаа сайн бол өвчлөхгүй гэсэн үг. Сүрьеэгийн вирус агаарт хаа сайгүй хөвж байдаг учраас халдвар ийм өндөр түвшинд байгаа юм. Сүрьеэгийн вирус нь хүний биед ороод унтаа байдалтай, хадгалагдаад явж байдаг. Ингээд биеийн дархлаа суларсан үед унтаа байсан нянгууд сэрж, үржиж эхэлдэг. Хоногт хоёр дахин үрждэг аюултай вирус юм. Бидний ихэнх нь сүрьеэгийн халдвар авчихсан байдаг учраас хэзээ ч өвчлөхөд бэлэн. Тийм учраас дархлаагаа сайн дэмжиж, сайн унтаж амарч байх шаардлагатай. Манай Улсын хувьд жил бүр 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгддэг. Энэ бол зөвхөн эмнэлэгт хандаад, эмчилгээнд орж байгаа иргэдийн тоо. Өөрөөр хэлбэл, үүнээс гурав дахин их буюу 12 мянган хүн сүрьеэгээр өвчлөх боломжтой гэсэн үг. Үүний гуравны нэг нь буюу 4000 орчим нь эмчилгээнд хамрагдаж байна гэх судалгаа байдаг. Эмчилгээнд хамрагдаж буй иргэдийн 80 гаруй хувь нь эдгэрдэг бол үлдсэн хувь нь олон эмэнд тусвэртэй хэлбэрийн сүрьеэ болдог. Эмнэлэгт оройтож хандсанаас үүдэн амиа алдах тохиолдол ч гарсаар байна. Өвчилсөн ч эмнэлэгт хандахгүй, оношлуулахгүй байгаа маш олон хүн бий. 

-Өвчилснөөс хойш хэр удаан хугацаанд нас барах түвшинд хүрдэг юм бэ. Жилд хэчнээн хүн энэ өвч­нөөр нас бардаг юм бол?

-Өмнө хэлсэнчлэн сүрьеэ­гийн нян хүний бие мах бодод ороод дархлаа сайн бол унтаад л байна. Дархлаа сулрангуут үржиж эхэлдэг. Үржээд ирэхдээ орчныхоо эд, эрхтнийг гэмтээж эхэлнэ. Ингээд өвчилснөөс хойш хоёр сар орчим болоход шинж тэмдэг, зовиурууд илэрдэг. Энэ үед нь эмчилгээнд хамрагдаад явбал, 100 хувь эдгэрэх боломжтой. Өвчилснөөс хойш эмнэлэгт хандахгүй зургаагаас дээш сарын хугацаа өнгөрөхөд уушгинд хөндий үүсэх гэх мэт хүнд гэмтлүүд үүсч, улмаар амь насанд хүрэх аюултай. Гэхдээ тухайн хүний биеийн онцлог, аль эрхтнийг гэмтээсэн зэргээс хамаарч ялгаатай. 

-Халдвар авсан эсэхээ мэ­дэх ямар ямар шин­жил­гээ байдаг вэ. Халдвар аваад өвчний нян унтаа байх үед нь тухайн нянг уст­гах эмчилгээ гэж байдаг уу?

-Халдвар авсан эсэхээ мэдэх хэд хэдэн арга байдаг. Арьсны сорил болон цусны шинжилгээгээр тодорхойлж болно. Хэрэв халдвар авсан бол нянг унтаа байдалд байх нөхцлийг нь л хангах эмчилгээ хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний дархлааг дэмжих эмчилгээ хийнэ. Түүнээс биш хүний биед орчихсон нянг устгах эмчилгээ одоогоор байхгүй. Харин өвчилсөн тохиолдолд эмчилгээ хийх боломжтой. 

-Ихэнх хүмүүс хатгаа хүндэрснээс сүрьеэ болдог гэж ойлгодог. Энэ талаар тайлбарлаач?

-Тэгж ойлгож болохгүй. Хэрэв хавсарсан шинж биш л бол хатгалгаа хүндрээд сүрьеэ болохгүй. Хатгалгаа болон сүрьеэг үүсгэж байгаа нянгууд нь өөр. Үүсгэж байгаа нян нь өөр учраас эмчилгээ нь ч гэсэн ялгаатай. Сүрьеэгийн нянгийн гаднах бүрхүүл нь өвөрмөц онцлогтой учраас энгийн антибиотик үйлчилдэггүй.

-Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ, энгийн сүрьеэ хоёрын үүсгэгч нян нь өөр гэсэн үг үү. Эсвэл энгийн сүрьеэ хүндэрвэл олон эмэнд тэсвэртэй болдог юм уу?

-Үүсгэгч нян нь адилхан. Сүрьеэгийн эмчилгээг дутуу хийлгэх болон, буруу хэрэглэснээс эмэнд тэсвэртэй болж хувирдаг гэсэн үг. Эмэнд тэсвэртэй болсон тохиолдолд эмчилгээний хугацаа хоёр жил хүртэл үргэлжилнэ. Маш хүчтэй эмийг өдөр бүр тасралтгүй хоёр жил ууна гэсэн үг. 

-Сүрьеэгийн эм хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Эм гэдэг өвчнийг эд­гээ­дэг ч нэг талаасаа хор шүү дээ. Тийм ч учраас ялан­­гуяа антибиотикийг эм­чийн заавраар зайлшгүй шаард­лагатай тохиолдолд л хэрэглэх ёстой. Гэтэл сүрьеэгийн эм гэдэг маш хүчтэй анти­био­тик учраас элэг, бөөр зэ­рэг бусад эрхтнүүдийг гэм­тээх эрсдэлтэй. Тийм уч­раас сүрьеэгийн эмчилгээ хийл­гэх­дээ давхар хамгаалах эм, бэлд­мэлүүдийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч ямар эрхтэнд хэрхэн  нөлөөлөх нь шалтгаална.

-Сүрьеэ өвчин уушгины, ясны, булчирхайн гэх мэт маш олон төрөлтэй байдаг юм билээ. Эдгээрийн үүсгэгч нян нь өөр байх уу?

-Үүсгэгч нян нь адилхан. Агаарт хөвж байгаа нянг залгихад тухайн нян биеийн аль хэсэгт очиж байна вэ, тэндээ үржээд, орчныхоо эрхтнийг гэмтээнэ гэсэн үг. Амьсгалын замаар халд­вар­ладаг учир ихэвчлэн уушгинд очиж, уушгины сүрьеэ болдог. Түүнээс биш ясны сүрьеэ өөр үүсгэгч нянтай байна гэсэн ойлголт байхгүй.