ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Долоо хэмжиж, нэг огтлохын эх орон

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-25

Долоо хэмжиж, нэг огтлох чанар бол монголчууд бидний хамгийн бахархалт үнэт чанар. Улс төрийн хүрээнд халаа, сэлгээний ажил өрнөж, шат шатны томилгооны асуудал ар араасаа гарч байгаа энэ үед энэхүү үнэт чанараа төрийн түшээд маань дэлхийд батлан харуулж чадлаа. Одоо биднийг дэлхий даяар асуудалд ул суурьтай ханддаг улс орон гэдгийг мэддэг болсон гэсэн үг. Үүнтэй хэнбугай ч маргаж үл чадна. Он дамжин яригдсан улс төрийн томилгооны асуудал үүнийг гэрчлэх захын л жишээ. Өнгөрсөн намрын чуулган нийт 85 хоног хуралдсан байдаг. Үүний 53 хоногт нь УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Улааныг сайдаар томилох асуудлыг 50 хоног хэлэлцсэн юм. Энэ бол Монгол түмний аливаад суурьтай ханддаг чанарын төгс баталгаа. Мэдээж эх орондоо ард түмний төлөөлөл, дэлхий дахинд эх орныхоо төлөөлөл болдог төрийн түшээд үндэснийхээ үнэт чанарыг таниулах нь зүйн хэрэг. Тэд энэ үүргээ сайн биелүүлж, энэ удаад “онц” авлаа. Түшээдийнхээ буянаар бид хаана ч очсон яаран шийдвэр гаргадаггүй, долоо хэмжиж нэг огтлохын эх оронтой хүн шүү гэж ам бардам даналзах боломжтой боллоо. Маргах хүн байвал түшээдийнхээ батлан харуулсан төгс жишээг ганц дурсахад л хангалттай. Захын жишээг сонсоод л нам болох нь дамжиггүй юм.

Зөвхөн улс төрийн хүрээний том асуудалд л энэ чанараа гаргадаг уу гэвэл үгүй. Өдөр тутмын амьдралдаа энэ чанар хэвшил болсон байдгийг бид өөрсдөө ч үл анзаарна. Жишээ нь цахилгаан шатаар үйлчлүүлэх. Цахилгаан шат хүлээхдээ бараг хүн бүр товчлуур дарж баталгаажуулна. Мэдээж нэг давхарт байгаа хүмүүсийн зөвхөн товчлуур дарсныг нь л аваад, бусдыг нь багтаахгүй гэх дүрэм байхгүй. Гэхдээ л бид баталгаажуулж, хүн бүр дарна. Тэгэхээр бид үнэхээр долоо хэмжиж, нэг огтлохын эх оронтой юм.