ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Буцалсан ус” shop нээнэ ээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-26

“Coffee shop” ажиллуулдаг хүн зовлонгоо ярьж байна гэнэ ээ. Хүмүүс орж ирээд цүнхнээсээ хоол гаргаж, ТҮЦ-ээс авсан ууттай кофегоо уух гэж, буцалсан ус нэхэж хэдэн цагаар суучихдаг гэнэ. Тэгээд WiFi-г нь үнэгүй ашиглаад, ширээг нь эзэгнээд тухалдаг тухай гомдоллосон байх юм. Ингэж гомдоллож яадаг юм. Тэртээ тэргүй эрх чөлөөт Монголд, эрхээ тултал эдэлдэг монголчуудтай амьдарч байгаа хойно энэ байтугайг туулна, үзнэ.

Гомдоллож суухын оронд “Буцалсан ус” shop нээчихээч.  Сайхан тохилог орчинтой, үнэгүй интернэт орчинтой, зөвхөн буцалсан ус л зардаг газар хэрэгтэй байгааг энэ жишээ батлаад өгчихлөө.  ТҮЦ-ээс авсан кофегоо найруулаад ууна л биз. Эсвэл шартсан нэг нь гоймонгоо барьж орж ирээд, дэвтээгээд идчихэж болно. Гэрээсээ авчирсан савтай хоолоо бариад, 6, 7 хүн орж ирж тухалж ч болох юм. Нэг нь дүрдэг цайгаа халаасандаа хийгээд л орно.

Манайхан тэр зэргийн юмаа мэднэ дээ. Нэг дүрдэг цайг 6-7 аяга усанд хийж, хандлаад уучих чадвар монголчуудад бий. Нэлээд чамбай, хэмнэлттэй нь дүрсэн цайгаа гялгар уутанд хийж халааслаад, маргааш нь гаргаж ирээд дахиад хандалж мэднэ.  Эсвэл сайхан буцалсан халуун ус аваад, цуйвангаа дэвтээгээд идэх ч хүн байж л таараа. Энэ мэтээр буцалсан усны хэрэгцээ маш их. Гэтэл Улаанбаатар хотод “Буцалсан ус” shop гэж алга.  Тиймдээ ч “Coffee shop” руу андуурч ороод, кофе авах биш буцалсан ус аваад байгаа юм. Эхлээд хэрэгцээг нь гүйцэд хангачихаад, иргэдээ муул, бизнесмэнүүд ээ. Ямагт иргэдийн зөв.