ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Энхтунгалаг: Монголд давсны хэт их хэрэглээнээс үүдэн жилд 3000 гаруй хүн нас бардаг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-26

Манай улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан болох цус харвах, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг нь давсны хэт их хэрэглээнээс үүдэлтэй байдаг аж. Энэ талаар НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн, доктор Б.Энхтунгалагаас тодрууллаа. 

-Давсны хэрэглээ нь олон төрлийн өвчний шалтгаан болдог гэсэн. Манай улсын хувьд давснаас шалтгаалсан өвчлөл хэр их байдаг вэ?

-Манай улсын хүн амын нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлдэг. НЭМҮТ-өөс гаргасан судалгаагаар 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчнөөр нас барах эрсдэлтэй байдаг. Давсны хэрэглээнээс үүдэж байгаа найман төрлийн өвчин байдаг. Тухайлбал, нас баралтын дийлэнх хувийг эзэлдэг цус харвалтын шалтгаан давсны хэрэглээтэй холбоотой. Давс нь артерийн даралтыг ихэсгэдэг. Артерийн даралт удаан хугацаагаар ихсэх нь хялгасан судсуудыг гэмтээж, улмаар тархины цус харвалтын шалтгаан болдог юм. Мөн зүрх судасны өвчин, ходоодны хорт хавдар, яс сийрэгжилт, бөөрний өвчлөл, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчнүүд нь давсны хэрэглээтэй шууд холбоотой. Эдгээр өвчлөлүүдийн гол шалтгаан нь давсны хэрэглээ байдаг. Артерийн даралт ихсэх өвчлөл 25 хувьтай байгаа. Давсны хэрэглээ артерийн даралт ихсэх өвчлөлд өртөх эрсдлийг 1.3 дахин нэмэгдүүлж байна. Түүнээс гадна сүүлийн үед монголчуудын дунд түгээмэл байгаа өвчлөл болох ходоодны хорт хавдрын шалтгаан болдог. 

-Энэ үзүүлэлтээс хара­хад манай улс давсны хэрэглээгээр нэлээд өндөрт ордог гэж ойлгож болох уу?

-2015 онд хийсэн судалгаагаар манай улс дэлхийн давсны хэрэглээ өндөртэй дөрвөн орны нэгээр нэрлэгдсэн.

-Ер нь давсанд хүний биед ашигтай элемент байдаг юм болов уу. Огт давс хэрэглэхгүй байснаар хүний биед дутагдах эрдэс бодис байх уу?

-Давсны найрлагад хүний биед хэрэгтэй шим тэжээлийн бодис бараг байхгүй. Учир нь  найрлагынх нь 98 хувь нь натри байдаг. Үлдсэн хоёр хувь нь магни, кали, калци юм. Гэхдээ энэ нь маш бага хэмжээ гэсэн үг шүү дээ. Давс бүхэлдээ натри байдаг учраас бие дэх зарим шим тэжээлийн бодисыг зөөвөрлөх үүрэгтэй байж болно. Огт давс хэрэглэхгүй бол хүний биед сөргөөр нөлөөлнө гэж байхгүй. Натри бүх хүнсний бүтээгдэхүүний найрлагад бий. Тэгэхээр натриг давснаас өөр бүтээгдэхүүнээр орлох боломжтой. Тухайлбал, 100 грамм үнээний сүүнд 0.1 натри байх жишээтэй. 

-Давсны хэрэглээнээс үүдэлтэй нас баралт хэр байдаг юм бол?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2017 онд  хийсэн судалгаагаар давс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн  дэлхийд 1.8 сая хүн нас барсан байдаг. Энэ нь цэвэр давсны хэрэглээнээс үүдэн нас барсан хүний тоо. Гэтэл хоёр хүрэхгүй жилийн дотор дөрвөн сая болоод өсчихлөө. Манай улсад ч давсны хэрэглээнээс үүдэлтэй зүрх судасны өвчнөөр жилд 3000 гаруй хүн амиа алдаж байна.

-Давсны хэрэглээ бага насны хүүхдэд хэрхэн нөлөөлдөг юм бол. Хүүхдийн өсөлт, хөгжилд нөлөөлөх үү?

-Өсөлтөд нөлөөлнө гэхээсээ илүү насанд хүрсэн үедээ халдварт бус өвчинд өртөх эрсдлийг бий болгодог. Хүүхдэд давс ихтэй хүнс өгөх нь давсны хэрэглээнээс үүдэлтэй найман төрлийн өвчнөөр өвчлөх суурийг нь тавьж байна гэсэн үг. 

-Иоджуулсан давс, бор давс хоёрын аль нь хор нөлөө багатай байдаг вэ. Хүмүүс бор давс сайн гээд байдаг шүү дээ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж бол давсыг хоолны цэснээсээ хас гэж байгаа. Хэрэв хэрэглэх бол маш бага хэмжээгээр иоджуулсан давс хэрэглэхийг зөвлөдөг. Яагаад гэвэл хүн амын дунд иод дутлын эмгэг бий. Тийм учраас давс хэрэглэвэл зөвхөн иоджуулсан давс хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ жамц давс иоджуулсан давсыг бодвол натрийн агууламж нь арай бага байдаг. 

-Иодыг давснаас өөр бүтээгдэхүүнээс нөхөж авах боломжтой биз дээ?

-Далайн гаралтай бүтээг­дэхүүнүүдээс нөхөх боломжтой.