ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Энхжин: Бүх төрлийн татварыг онлайнаар төлөх боломжтой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-27

Тээврийн хэрэгслийн татварыг онлайнаар төлөх боломжтой болсон аж. Энэ талаар ТЕГ-ын татварын орлогын газрын Татварын улсын байцаагч /ТУБ/ Г.Энхжингээс тодрууллаа. 

-Тээврийн хэрэгслийн татварыг онлайнаар төлөх боломжтой гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Авто тээврийн хэрэслийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар төлөгч иргэд гурван төрлийн татвар төлөх ёстой. Үүнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр ордог. Эдгээр төлбөрийг өмнө нь зөвхөн арилжааны банкаар дамжуулж төлдөг байсан бол одоо онлайнаар төлөх боломжтой. ТЕГ-ын цахим тайлангийн систем буюу e-tax.mta.mn сайтад хандан тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг оруулж, татвараа төлөх боломжтой. Мөн smartcar.mn цахим хаягаар дамжуулан татвараа төлж болно. Үүнээс гадна нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд байрлах ТҮЦ машинтай адилхан машинаар дамжуулан тээв­рийн хэрэгслийн татвараа төлөх боломжтой.

Ингэхдээ машиныхаа улсын дугаарыг оруулж, картаа уншуулна гэсэн үг. Smartcar.mn сайт ашиглалтад ороод хоёр жил болж байна. Энэ хугацаанд 20 мянга гаруй тээврийн хэрэгсэл уг сайтаар дамжуулан татвараа төлсөн байгаа. Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс Татварын удирдлагын нэгдсэн систем  гэх шинэ систем нэвтэрсэн. Ингэснээр энэ системд хандан бүх төрлийн татвараа төлөх боломжтой болсон юм. Тээврийн хэрэгслийн тат­вараас гадна бусад бүх төрлийн албан татварыг онлайнаар төлөх боломжтой. Манай татварын алба цахим системд бүрэн шилжиж байгаа. Цахим татварын систем буюу e-tax.mta.mn-д хандан тээврийн хэрэгслийн татвар төлөх бол ямар нэг нууц үг шаардахгүйгээр улсын дугаараа оруулаад татвараа төлж болно. Татвар төлөлтийн байдлаа ч эндээс харж болох юм. 

-Тээврийн хэрэгслийн татвар төлсөн гэх тамга дардаг шүү дээ. Цахимаар төлсөн бол энэ тамгаа хаана даруулах юм бэ. Эсвэл тамга даруулах шаардлагагүй юу?

-Цахим системийн давуу тал нь гэрчилгээн дээр тэмдэглэгээ хийл­гэж, тамга даруулах шаард­лага­гүй. Онлайнаар татвараа төлөн­гүүт тат­ва­рын системд бүртгэгдэж, Нийс­лэлийн тээврийн газар болон, замын цагдаагийн системд илгээнэ. Тиймээс татвар төлсөн тухай мэдээлэл замын цагдаа болон тээврийн газарт бүртгэгдэнэ гэсэн үг. 

-Дүрэм зөрчсөн торгуу­лийг энэ сай­таар дамжуулан төлөх боломжтой юу?

-Тээврийн хэрэгслийн торгууль төлж болох эсэхийг сайн мэдэхгүй байна. Татварыг бол энэ сайтаар дамжуулан төлөх бүрэн боломжтой. 

-Онлайнаар татвар тө­­лө­хийн тулд танай сис­­темд бүртгүүлж, батал­гаа­жуулсан байх шаард­ла­га­тай юу?

-Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч ТЕГ-т татвар төлөгчөөр бүртгэлтэй байх шаардлагатай. 18 нас хүрч, шинээр тээврийн хэрэгслийн эзэмшигч болж байгаа тохиолдолд заавал бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлэхдээ e-tax.mta.mn сайтад хандан татвар төлөгчөөр бүртгэлтэй эсэхээ шалгаж болно. Шалгаад бүртгэлгүй бол бүртгүүлэх хэсэгт хандаад бүртгүүлэх боломжтой.