Монголчууд бид их ёс төртэй ард түмэн. Бүхий л зүйлийг ёс төр, бэлгэдлээр шийдэх гэж үзнэ. Хууль, журмыг дагаж мөрдөхөөсөө илүүтэй ёс, заншил ярина. Хол замд дэр авч явдаггүй. Гэртээ адууны хомоол уугиулбал энерги цугладаг энэ тэр гээд л. Нэгийгээ осолд орчихсон байвал зогсч туслахын оронд “муу байдаг юм” гээд хаяж давхидаг. Замын хүн гар өргөвөл “авбал муу” гээд тоосондоо булаад орхидог.
Бүр оршуулгатай тааралдвал сайн байдаг. Баярлаж, хөөр. Хуримтай таарвал муу, холуур тойр, нулим гэх нь холгүй. Хэзээ байтлаа монголчууд цөөхөн хэдэн хүнээс нэг нь хорогдож байхад баярлаж, оршуулгатай таарахаар “алга ташдаг” байсан юм. Монгол Улсад нэгэн гэр бүл нэмэгдэж, гал голомтоо бадрааж, аз жаргал түгээж байхад мууд бодож цэрвэдэг, харааж, нулимах нь холгүй болдог монгол ёс гэж байх уу.
Нэртэйгээр нь төв талбайдаа хуримын зураг авахуулахыг хориглох журам нийслэлээс гаргуулчихаач. Бүр “Алтан өлгий”-гөө нүүлгэж авчраад, төвд талбайдаа байрлуулчихгүй юу. Оршуулгатай олон таарахад амар зүгээр. Тэгээд хуримын ордноо далан давхар руу нүүлгэчих. Тэндээ нэг зураг авахуулчихаар талбай байгуулчих. Хотын төвдөө хуримтай тааралдаад, шүлс, шившлэгээ бараад байхгүй, амар. Ер нь тэгээд хурим хийхдээ хотын аль нэг хэсгээр машинтай явахыг ч хориглочихгүй юу. Хуримын ордноос гарлаа, гэртээ харь. Машиндаа шаар зүүж, хурим хийсэн гэдгээ мэдэгдэхийг хориглоно гэдэг журам гаргавал бүр сайн. Ёс төртэй монголчууд минь сэжиглэхгүй амар зүгээр.