ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тархиа амраана аа....

Ц.ЭНХТҮВШИН
2019-03-28

Улс орон тэр чигээрээ үст хорхой мэт арзганаж байна. Хаа сайгүй бухимдал. “Нүүр ном” нээсэн хүүхдүүд маань “Яана аа, энэ луйварчид нар чинь...” гэцгээж байхад хөгшин маань зурагтын сувгаа зайгүй сольж “Энэ улс орныг ёстой баллачихлаа..” хэмээн халаглах. Эргэн тойронд эх орон тэр чигээрээ улс төр хэмээх хатуу  тоглоомын тойрогт хүссэн ч эс хүссэн ч эргэлдэж байна. Ядаж л би тэр айхтар тойрогт нь хутгалдчихалгүй байя. Яаж гээч. Олон үггүй гарч модоо услая. Энэ жил хур тунадас бага  учир модны гүн дэх ус бараг л шингээд  дууссан байгаа. Газар бүрэн гэсээгүй байгаа тул худгийн ус хүйтэндэхгүй.

Мод тарьж, цэцгийн шороогоо сольж, нарийн ногооныхоо үрсэлгээг хийдэг цаг яг болсон байна. Элдвийн хэл үг, хэрүүл шуугиан сонсохгүй амар байдаг юм. Алганд бутрах бордоо, шороогоо холиод амандаа дуу аяланхан суух ямар гоё гээч. Хальсаа зуусаар ургаж буй шинэхэн соёог үзэх ямар хайр татам гээч. Хүрзэнд гишгэгдэн эргэх чийгтэй шорооны үнэр ямар анхилам гээч. Хаврын хаварт энэ л сайхан мэдрэмжийг  мэдрэх нь халцарч омгойтсон уруул, хатуурч эвэршсэн гараа ч үл тоон өөрийгөө энэ орчлонгийн хамгийн сайхан бүсгүйгээр тодорсон мэт догдолдог юм.

Газар багаддаггүй гэдэг. Төөхөн газарт цацсан цэцгийн үр намартаа саглагар баглаа болон ургахыг харах гэж, түрүү түрүүхэн жилдээ тарьсан бутнаас атгахан жимс аваад ачийнхаа ам руу хийх тэр нандин агшныг үзэх л гэж би газар аргадан тэнгэр царайчилж, гадаа гарч модоо усална. Жил жилийн хаварт энэ л өдрүүдэд  нэгээс  эхтэй нэлээд олон мод, бут авч тарьсаар  өнөөдөр би 60 модтой болжээ. Мод бүхэн минь түүх өгүүлнэ. Ядаж л би моддын түүхээ сайхнаар бичнэ ээ.