Хэвлэлийн хурал хийхэд араар зогсох залуусыг ажилд авна. 10 гаруй ажлын байр байгаа тул залуучууд ирж анкет бөглөнө үү. Тавигдах шаардлага, хамгийн гол нь 185 см-ээс өндөр биетэй, лагс байх. Урд нь суугаад үг хэлж байгаа хүмүүс зурагтаар гарахад араар зогсох хүмүүсийн гэдэс нь цүдийж харагдахаар гүзээ суусан байх ёстой. Тэгвэл илүү сүртэй харагдана.
Түүнээс гадна, өтгөн хөмсөгтэй, хөмсгөө маш сайн зангиддаг, нүүрнийхээ аль нэг хэсэгт сорвитой бол давуу тал болно. Мөн камер нүүр рүү нь чиглэж байгааг анзаарч, ууртай царай гаргаж чаддаг мэдрэмжтэй байхыг шаардана. Бөх шинжтэй, сумын цолтой бол цалин нэмэх үндэслэл болж болно.
Хөмсгөө зангидсаар байгаад духны орчимд 3-4 том үрчлээс гарсан байвал ажлын байрны шаардлага хангасан гэж шууд үзнэ. Түүнээс гадна, зодооны юм уу танхайн хэргээр өмнө нь тэнсэн харгалзахаас ихгүй ял сонсч байсан хүмүүсээс сонгон шалгаруулалт хийж ажилд авах боломжтой.
Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад, бид хүн зодохгүй. Улстөрчид мэдээлэл хийж, сүржигнэхэд нөхцөл байдлыг илүү сүржин харагдуулах, үзэж байгаа иргэдийг айдас хүйдэст автуулах зорилготой учир бага зэргийн жүжиглэх авьяастай байхыг шаардана. Юмыг яаж мэдэхэв, хэвлэлийн хурлын дараа зарим сэтгүүлч ярилцлага аввахаар “довтолж” магадгүй тул намаас өгөх сэдвийн дагуу ярих яриаг үг үсэггүй цээжлэх чадвартай, хэл ярианы чадамж сайтай байвал сайн. Шаардлага хангана гэж үзэж буй залуус ажлын цагаас хойш, аль болох харанхуй болсон үед намын байран дээр ирж, анкет бөглөж, зарим нэг шалгуурт тэнцэх эсэхээ шалгуулна уу.