ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Уранцэцэг: Дархлааг эм бэлдмэлээр дэмжих нь таатай биш

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-31

Дархлаагаа хэрхэн дэмжих талаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч Т.Уранцэцэгээс тодрууллаа.

-Хаврын улиралд хүний биеийн дархлаа сулардаг гэдэг. Энэ үед дархлаагаа хэрхэн дэмжих вэ. Ер нь дархлаа юунаас үүдэн сулардаг юм бэ?

-Хүний биеийн дархлааны систем нь маш нарийн тогтолцоотой. Чөмөг, дэлүү, тунгалагийн зангилаа, шингэний урсгал нь “дархлааны систем”-ийн үндсэн зангилаа юм. Энэ нарийн механизм гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг аяндаа өөрөө зохицуулж байдаг. Экологийн таагүй орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусын халдвар, ажлын хэт ачаалал, шинэ вирус нь дархлааг амархан алдагдуулдаг. Дархлаа султай удаан хугацаанд байх нь архаг дархлаа сулралтай болгоход хүргэх аюултай учраас байнга дархлаагаа дэмжиж байх хэрэгтэй. Нэгэнт архаг ядаргаатай болсон үед амархан эцэж сульдах, нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйтэх, толгой өвдөж, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрч эхэлдэг. Ингээд хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга “өвдөнө”. Уруул дээр хомхой гарах нь дархлаа суларч байгаагийн хамгийн эхний шинж. Дархлаагаа дэмжиж байна гээд төрөл бүрийн дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэх нь тийм ч зохимжтой биш. Хүний дархлааг сулруулдаг хамгийн гол хүчин зүйл бол буруу хооллолт, амьдралын буруу хэвшил байдаг. Тиймээс дархлааг сэргээх хүчин зүйл нь ч гэсэн хооллолт байдаг. Жишээлбэл, хэт цадтал идэх нь дархлааг хамгийн их сулруулдаг. Тиймээс алв болох зөв хооллож, амин дэмээр баялаг, эслэг бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй юм. Хүний биеийн дархлааг сайжруулах талаар сармисыг гүйцэх өөр ямар ч бүтээгдэхүүнийг хүн төрөлхтөн гарган авч чадаагүй гэдэг юм билээ. Сармис нь хамгийн олон төрлийн бактер устгадаг болохыг эрдэмтэд судлан тогтоосон байдаг. Түүнээс гадна хүнсэндээ жимс ногоо түлхүү хэрэглэх нь дархлааг дэмждэг. Дархлааг сулруулах хүчин зүйлийн нэг нь стресс байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Хоол идсэний дараа хоёр цагийн дараа 15-20 минут хэвтэж амарвал дархлааны эс идэвхждэг гэсэн сүүлийн үеийн үндэслэлүүд бий. Хоол идсэний дараа хоол шингээд өөх тосны задрал явагдмагц дархлааны эс байдаг лимпийн зангилаануудад очиж дархлааны эсийг идэвхжүүлдэг юм. Тэгэхээр хүн суугаад зогсоогоороо байхад цусын урсгал гүйцэт эргэдэггүй. Харин хэвтээ байдалд байснаар цусны урсгал зөв эргэж, дархлааны эсэд эерэгээр нөлөөлдөг. Тиймээс өдрийн хоолны дараа хэвтэж байх нь дархлаанд маш сайн нөлөөтэй. 

-Та сая дархлааг эм бэлдмэлээр дэмжих нь таатай биш гэлээ. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ дарх­­лааг дэмжиж байна гээд “Анаферон”, “Трансферфактор” зэрэг дархлааны бэлдмэл өгч, лаа хийдэг. Эдгээр бэлдмэлүүдэд сөрөг нөлөө гэж байх уу?

-Би эмч хүнийхээ хувьд дэмж­дэггүй. Хүний хэвийн байсан дархлааг механикаар засах гэж оролдоно гэдэг буруу. Сөрөг нөлөөтэй. Хүн хүний биеийн онцлог өөр шүү дээ. “Анаферон”, “Виферон”-ыг бол Орос, Монголд л хэрэглэж байгаа болов уу. Гадаадад эмч нар хэзээ ч хүүхдэд дарх­лаа­ны бэлдмэл зөвлөдөггүй. Ерөө­сөө хоолоороо л зохицуулахыг зөвлөдөг.

-Дархлаа дэмжих витаминууд ч гэсэн таатай биш гэсэн үг үү?

-Витаминыг болж өгвөл хоол хүн­сээрээ л авах хэрэгтэй. D витаминыг л гэхэд нарнаас авчихна. Том хүн наранд алгаа таван минут ээхэд л өөрт шаардлагатай витаминаа нөхдөг. Харин хоол тэжээлийн доройтолтой, жингийн дутагдалтай, хоолонд муу, нэг төрлийн хоол иддэг, тухайлбал, мах гурилаа иддэг бол витамин хэрэг­лэж болно. Ингэхдээ жилийн дөр­вөн улиралд шаардлагатай үед 1-3 сарын хугацаанд уух хэрэгтэй. Түү­нээс бус хангалттай өдрийн гур­ван хоол иддэг, ногоогоор баялаг хүнс хэрэглэдэг бол заавал нэмэлтээр витамин уух шаардлагагүй. Зуны улиралд витаминаас татгалзах хэрэгтэй.

-Сүүлийн үед хүмүүс “салимон” гээд бэлдмэлийг их хэрэглэх бол­сон. Үүнийг эмчийн зааваргүйгээр дураараа хэрэглэх нь хэр зохимжтой юм бэ?

-Түрүүн хэлсэнчлэн хүний биещийн дархлааг механикаар өөрчлөх нь тйим ч таатай биш. Зайлшгүй шаард­лагатай үед эмчээс зөвлөгөө авч хэрэг­лэж болно. Гэхдээ би тэр бэлд­мэл муу, энэ нь сайн гэж хэлж болох­гүй. Дархлаа дэмжих хамгийн сайн арга бол хооллолт гэдгийг л хэлмээр байна.