Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуульд МАН-ын хоёр төлөөлөгч ялалт байгуулснаар тус дүүрэгт МАН засаглах эрх авав. АН-ын хоёр төлөөлөгч мөнгө тарааж ялалт байгуулсан нь гурван шатны шүүхээр нотлогдсон учраас дахин сонгууль болж, нэр дэвшигчид ч дуулиантай өрсөлджээ. АН засагласан долоон жилд өрнөдөг байсан нөгөөх л хэрүүл, маргаан зодоон энэ удаад ч өрнөлөө. Дүүргийнхээ Тамгын газрын байранд бүслэлт тогтоож, зодооны талбар болгосон учраас дүүргийн Засаг даргын томилгоог Хангарьд ордонд хийж, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгаланд итгэл үзүүлжээ.
МУИС-ийг хоёр ч мэргэжлээр төгссөн, гадаад харилцааны ажилтан, эрхзүйч мэргэжилтэй залуу намынхаа удирдлагуудын итгэлийг хүлээж, дүүргийг удирдах болж байна. Баянзүрх нийслэлийн хамгийн их хүн амтай хоёр дүүргийн нэг. Сонгинохайрхан дүүргийг бодвол хөдөөнөөс шилжин ирэгсэд багатай. Гэвч дүүргийн хөгжил нь хоцрогдсон, хогондоо дарагдсан, хэрүүл нь дуусдаггүй урагшаа биш хойшоо л ухарч яваа дүүрэг гэдэг нь худлаа биш. Тиймдээ ч Нийслэлийн МАН-ын удирдлагууд залуу хүний эрч хүчээр ажиллаж чадна гэж итгэсэн биз ээ.
Тэр итгэлийг хариулж, хэрүүлтэй дүүргийнхээ ажлыг эмхлэх том даалгаврыг Э.Бат-Амгалан намаасаа хүлээлээ. Түүнд чадахгүй, мэдэхгүй гэх зовлон алга. Учир нь тэр дүүрэгтээ шинэ хүн биш. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын YY хэлтсийн дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орлогч даргаар ажиллаж байсан, мөн дүүргийнхээ намын даргын албан тушаалыг хашдаг гээд эртнээс л ажил, амьдралаа холбож явжээ. Тиймдээ ч зовлон жаргалыг нь мэддэг хүний хувиар зоригтой, тууштай ажиллах нь чухал болж байна. Цаг хугацаа ч бага үлдсэнийг шинэхэн даргад сануулах нь илүүц биз.
Б.Эрхэс