ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гишүүдэд өдөр бүхэн дөрөвдүгээр сарын 1

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-01

Иргэдийн хувьд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр л бусдыг хуурч, наргих боломж олддог. Тэгвэл манай улстөрчид, гишүүд тусгай эрхтэй. Тэд халдашгүй эрхтэйн хажуугаар утас, унааны мөнгөнөөс авахуулаад бараг л бүх хангамжаа улсаас аваад зогсохгүй жирийн өдрүүдийг хүртэл өөрсдийн таалалд нийцүүлж байна. Тухайлбал, эрхэм гишүүд, улстөрчдөд ихэнх өдрүүд дөрөвдүгээр сарын 1.  Та бүхнийг сайхан амьдруулна, тосонд умбуулж, торгонд хөлбөрүүлнэ. Монголчууд та нар бүгдээрээ Чингис. Манай нам хэзээ ч эвдрэлцэхгүй, эвийг эрхэмлэнэ.

Ам.долларын ханш шалдаа бууж, шалан дээр унана. Нэг төгрөг 1000 ам.доллартай тэнцэж, ханш нь чангарна. Нэг ч төгрөгийн татвар нэмэхгүй, харин ч хасна. Гэх мэтээр иргэдээ хошгируулсаар. Хэрвээ хэн нэг нь гарч ирээд, “Та нар амласан биз дээ” гэж сануулбал, “Тэр өдөр дөрөвдүгээр сарын 1 байсан юм” гэж хариулаад л гүйцээ.  Зөвхөн улстөрчид дөрөвдүгээр сарын 1-дээд байгаа юм биш. Сар бүр нэг байгууллагын ажилтан мэдээлэл хийж, “Дундаж цалин сая төгрөгөөс давсан” гэж хуурдаг болсон. Үүнээс нь болж гэр бүл хүртэл салахдаа тулж, эхнэрүүд нөхрийнхөө үлдсэн цалинг нь авах гэж захирлынх нь өрөөнд орж, загнасан сураг ч гараад байгаа.

Эцэстээ буруутан нь мэдээлэл хийсэн хүн болж таараад, гомдол гаргахаар “Тэр өдөр бидний хувьд дөрөвдүгээр сарын 1 байсан юм” гэж хариулдаг гэж байгаа. Ерөнхийлөгч байсан нэг хүн “Өнөөдөр 2.9 сая Чингис сэрж байна” гэж уулга алдсан байдаг юм. Саяхан харин “Шуламын хөндийнхөн” гэж 3.2 сая иргэнээ цоллосон байсан. Бодвол Чингис сэрж байна гэж хэлсэн тэр өдөр нь түүний хувьд дөрөвдүгээр сарын 1 байсан байлгүй дээ.