Хэт өндөр хөгжил хүмүүсийг жаахан тэнэгдүү болгочихдог юм байна. Японд “Хэйсэй”-гийн он тооллоос “Рэйва” руу шилжихээр болжээ. Тэр талаар мэдээлсэн өдөр тутмын сонин авах гэж япончууд галт тэрэгний буудал дээр бараг л зодолдохдоо тулж, муудалцаж, хэрэлдсэн гэнэ. Интернэтийн хөгжил дээд цэгтээ хүрээд байгаа энэ үед сонин авах гэж булаацалдаж, муудалцсан гэхээр яах аргагүй тэнэг байгаа биз дээ.
Монголд ийм явдал хэзээ ч болохгүй. Цахим ертөнцийн хөгжил дэлхийг ардаа орхих хэмжээнд хүрч, хүн бүр сэтгүүлч болсон энэ үед ямар ч мэдээллийг секунд тутамд оруулна. Хүмүүс ч үнэн, худал гэдэгт ач холбогдол өгөхгүй, хурдхан уншаад, үзэл бодлоо уралдуулаад л явчихдаг.
Юун сонин худалдаж авах. Ухаалаг утас, фэйсбүүк байхад л хангалттай. Хурд, зөвхөн хурд гэдэг хууль манай мэдээллийн ертөнцөд үйлчилж байна. Үнэн, бодит эсэхийг харах ч үгүй. Япончууд техник технологийн хувьд дэлхийд тэргүүлэх улс. Ганц тооллын нэр сольсон мэдээллээ фэйсбүүкээрээ оруулаад л гүйцээ биз дээ.
Бүр болохгүй бол манайд ирээд, яаж твиттер, фэйсбүүкээр мэдээлэл тарааж болох аргад суралцмаар юм. Манай соошлчид үнэрхэлгүй, чанартай сургаад өгчихнө. Тэр битгий хэл “Рэйва” гэдэг нэрийг яаж шүүмжилж болох бүх гаргалгааг заана. Цаашлаад энэ нэртэй холбоотойгоор эрдэмтэн мэргэдийг, шийдвэр гаргасан төрийнхнийг ч “харлуулах” аргад төгс сургах чадалтай олон хүн Монголд байгаа шүү. Аль болох хурдхан сургалтад суучихвал дараа сонин булаалдаж муудалцахаас сэргийлж болно. Давхар өрсөлдөгчөө харлуулах “зэвсгийн эрдэм”-ийг сураад авахгүй юу.