Дэлхийн хөнгөн атлетикийн спортын тамирчид болоод сонирхогчдын дунд алдар нь түгэж байгаа хүн бол 85 настай Ц.Раднаа гуай. Тэр мастеруудын ДАШТ-д оролцоод, гурван алтан медаль хүртчихээд ирлээ, Польшоос. Энэ амжилтаараа тэр ясны тамирчин болохоо баталж харуулав. 400 метрийн гүйлтийн төрөлд таван тамирчин уралдаж, Ц.Раднаа гуай хол илүү түрүүлсан. Бүр насны ангиллынхаа дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож чадсан. Гурвын харайлтын болон саадтай гүйлтийн төрөлд ч түрүүлсэн.
Ямар төрөлд, хэдэн хүнтэй өрсөлдөж түрүүлсэн бэ гэдэг нь чухал биш. 85 настай хүн 400 метрийн зайд өндөр хурдтай гүйж, гурвын харайлтын спортоор хичээллэж байгаа нь өөрөө үлгэр дуурайлал. Тэрбээр биеийн тамирын багш бөгөөд 30 жил спортоор хичээллэж байгаа юм билээ. Одоо байнгын бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд оролцож байна. Энэ удаагийн дэлхийн аваргад оролцохдоо бэлтгэлээ маш сайн базааж явсан бөгөөд түүнийхээ ачаар ч гурван алтан медаль хүртэж чадсан хэмээн ярьсан байна билээ. Мөн архи, тамхи хэрэглэдэггүй, спортоор хичээллэдэг учраас олон талын өвчин байдаггүй талаараа ч хэлсэн байсан.
Жинхэнэ үлгэр дууриаллын үрийг цацаж чадсан баатар. Олон ч залуус түүнээс үлгэр дууриалал авч, зорьсон зорилгынхоо төлөө тэмцэх байх. Тэмцэж ч байгаа нь ойлгомжтой. Спортоор хичээллэхийн ач тусыг ч хөшитлөө сууж байгаа олон хүн ойлгосон биз. Тэр зөвхөн дэлхийн аварга болоод зогсохгүй олон хүний оюун санаанд спортын ач тусыг ойлгуулж чадлаа. 100 насалж, хөнгөн атлетикийн түүхэнд нэрээ мөнхлөхийг хүсэн ерөөе.