НМХГ-аас Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний цооногуудад хяналт шалгалт хийсэн аж. Шалгалтаар есөн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн талбай 41.3 га эвдэгдсэн нь тогтоогджээ.Харин “Сүмбэр худаг” ХХК, “Таван шүтээн” ХХК, “Хэлтрэгэ” ХХК-иудын талбайд есөн нөхөрлөлийн 83 ам цооногт 590 иргэн нүүрс олборлож буй. Хяналт шалгалт хэрхэн хийгдсэн талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаас тодрууллаа
-Налайх дүүргийн нүүрсний цооногуудад хийсэн шалгалтын талаар мэдээлэл өгөөч?
-Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайн нийт 22 аж ахуйн нэгж бий. Үүнээс 10 аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулдаг.Тэдгээр аж ахуй нэгжүүдэд Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох дүрэм, журам стандартын хэрэгжилтийг шалгах зорилгоор дөрвөн хяналтын чиглэлийн 11 улсын байцаагч шалгалт хийлээ. Налайх дүүрэгт нүүрс олборлолтын улмаас сүүлийн 10 жилд уурхайн осол 137 удаа гарч 274 хүн аврагдсан. 123 хүн ослын улмаас амь насаа алдсан байдаг.
-Тухайлбал ямар компаниуд байна. Хүний амь нас үрэгдээд, хариуцлагагүй байдал алдагдсан тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?
-“Сүмбэр худаг” ХХК-ийн тухайд нөхөрлөл байгуулаад үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн хоёр жилийн дотор тус компанийн талбай дээр найман хүн амь насаа алдсан. Хүний амь нас, хариуцлагын асуудлыг гэрээндээ тусгахгүйгээр зөвхөн мөнгөний гэрээ хийгээд түүнийгээ нөхөрлөлийн гэрээ гэж зарлаж болохгүй. Нөхөрлөлийн гэрээний стандартаа шинэчлээд хүний амь нас аюулгүй байдлыг хангах талаар нэмэлт оруулах хэрэгтэй. “Сүмбэр худаг” компаний 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл Налайхын иргэдийн амьдрал дээшлээд ажлын байраар бүрэн хангасан юм алга. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй уурхайнуудын лицензийг цуцлах ёстой. Хууль бус үйл ажиллагаа явуулчихаад лицензийг нь хураана гэхээр ард түмэн ажилгүй боллоо гэдэг зангаа татах хэрэгтэй.
-“Сүмбэр худаг” ХХК-д ямар хариуцлага тооцох вэ?
-НМХГ-аас Ашигт малтмал газрын тосны газарт газрын хэвлийн тухай хуулиар санал хүргүүлнэ. Нийслэлийн Засаг дарга улсын байцаагчийн дүгнэлтүүдийг хүргүүлнэ. Нийслэлийн байгаль орчны газарт байгалийн нөхөн сэргээлт хийгдэхгүй байхад гэрээг нь үргэлжлүүлээд байгаа асуудлаар албан тоот хүргүүлнэ. Хүний аминаас үнэтэй лиценз гэж байдаггүй юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Сүмбэр худаг” ХХК-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлэх нь зүйтэй гэх шийдвэр гаргаж байгаа.
-Энэ хүмүүсийн амь насны хариуцлагын талаар “Сүмбэр худаг” ХХК юу хийсэн бэ?
“Сүмбэр худаг” ХХК компанийн гүйцэтгэх захирал С.Ганбат “Нөхөрлөлийн үйл ажиллагааг хариуцлагатай байлгахаар сургалтыг байнга явуулж байгаа. Нөхөрлөлийн ахлагч, дотоод хяналтын ажилтнуудад байнга зааварчилгаа өгдөг” гэж хэлдэг.