Энэ удаагийн “Сондгой өнцөг” буландаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг урьж ярилцлаа.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, манай сонины “Сондгой өнцөг” буланд ярилцлага өгч буйд баярлалаа. Манай сонины энэ буланд улстөрч хүнтэй бол улс төрийн сэдвээс өөр сэдвээр ярилцдаг юм. Тиймээс тантай мэргэжил сонголтын талаар ярилцах хүсэлтэй байна. Таны хувьд хэдэн онд, хэрхэн мэргэжлээ сонгож байсан бэ?
-Одоогоос 34 жилийн өмнө 1984 онд яг л өдийд, бодвол тавдугаар сард л мэргэжлээ сонгож байж. Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Бумцэндийн нэрэмжит 10 жилийн сургуулийг төгсч байсан. Тэр үед өнөөдрийнх шиг сургуулиа улс даяар чөлөөтэй, дуртай мэргэжлээ сонгодог эрх чөлөө хараахан байсангүй. Ямар нэг мэргэжил эзэмших хүсэлтэй, шалгалтаа сайн өгсөн ч тэр мэргэжлийн хуваарь ирэхгүй бол дургүй ч байсан ирсэн хуваарийг нь л авна шүү дээ. Харин азаар тэр жил миний эзэмшихийг хүсч байсан мэргэжлийн хуваарь ирсэн юм. Тэгээд л хүссэн мэргэжлээрээ дээд сургуульд элсч орсон. Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургууль төгссөн. Мэргэжлийн хувьд цахилгааны инженер. Мэргэжлээ үгчлэн хэлэх юм бол Автоматик, телемеханикийн инженер гэсэн үг л дээ.
-Автоматик, телемеханик гэхээр яг юу хийдэг гэсэн үг вэ?
-Үгийн хувьд “теле” гэдэг үг чинь алсаас гэдэг утгатай, харин “механик” гэдэг чинь хөдөлдөг юмыг хэлж байгаа юм. Утгачилбал зайнаас удирдах, хүн очихгүйгээр удирдах гэсэн үг. Английн “television” гэдэг үгийн язгууртай утга нэгтэй. “Теле” гэдэг нь хол, “вишн” гэдэг нь харах гэсэн үг. Өөрөөр хэлбэл, холоос харах гэсэн үг юм. Харин хийдэг ажлын хувьд их энгийнээр хэлбэл бидний мэддэг цахилгааны под станцуудад байдаг шүү дээ. Том, хүчин чадал өндөртэй л биш бол тэнд хүн жижүүрлэдэггүй юм. Харин ажиллагааг нь төвөөс удирдаж байгаа хэрэг. Хэрэгцээ гарвал төвөөс зохицуулалт хийнэ. Шаардлагатай үед төвөөс цахилгааныг нь тасална, салгана. Эсвэл аваар болоход автоматаар өөрөө унтарна. Түүний параметрүүдийг нь алсаас хянаад, монитор дээр сууж байдаг хүн гэх үү дээ.
-Таны мэргэжлээ сонгож байх үе, одоо үе хоёр мэргэжил сонголтын тухайд хэр өөрчлөгдсөн гэж бодож байна?
-Өөр байлгүй яах вэ. 34 жилийн өмнө З.Энхболд гэдэг хүн хоёр сая монголчуудынхаа ажлын байранд өрсөлдөх хэрэгцээ байсан юм. Харин өнөөдөр XII ангиа төгсч байгаа хүүхдүүдийн хувьд дэлхийн долоон тэрбум хүнтэй өрсөлдөж, хоолоо олж идэх хэрэгцээ гарч байгаа юм. Техник, технологийн хөгжилтэй холбоотойгоор дэлхий даяаршсан учир хаана ч очсон хоолоо олж идэж, ажилтай байхын тулд өрсөлдөх чадвартай байхгүй бол болохгүй болсон.
-Тэгвэл таныхаар дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад ямар мэргэжил сонговол хоолоо олж идэх бол?
-Олон улсад хамгийн эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалт гарсан байна лээ. Нэгдүгээрт, иргэний инженер, хоёрдугаарт инженер, гуравдугаарт нягтлан бодох, дөрөвдүгээрт компьютерын инженер, тавдугаарт эдийн засагч, зургадугаарт санхүүч, долдугаарт архитектор, наймдугаарт биологич, химич, физикч, есдүгээрт механикийн инженер, аравдугаарт математикч гэх мэтээр хамгийн эрэлттэй мэргэжлийг гаргасан байна. Нийгмийн ухаанаас ганц хоёрхон мэргэжил байгаа бол бусад мэргэжил нь голдуу инженерийн байгаа биз. Энэ 10 мэргэжлээс л сонго. Тэгвэл таван жилийн дараа ажилтай болно. Ядаж л таван жилийн дараах ирээдүйгээ хар гэж байгаа юм. Үүнээс өөрөөр түүхч, хуульч гэдэг юм уу, мэргэжил сонговол таван жилийн дараа өөрт чинь ажил олдохгүй байх магадлал өндөр.
-Энэ 10 мэргэжил дэлхийд хамгийн эрэлттэй гэлээ. Гэтэл Монголын хөрсөн дээр буулгаад харахаар зарим мэргэжил хараахан эрэлттэй санагдахгүй байна. Таны зөвлөгөөг дагаад дээрх мэргэжлээс сонгочихдог. Таван жилийн дараа зах зээл нь гэдэг юм уу, ажиллах орчин нь байхгүй бол яах вэ. Тухайлбал, математикаар сургууль төгслөө гэж бодъё. Гэтэл математикаар төгсөхөд ажил яаж олох вэ. Бүгд л дэлхий даяар ажилд орно гэж байхгүй шүү дээ?
-Ажлын байр өөрөө даяаршчихлаа. Математикаар төгсчихлөө гэхэд өөрөө өрсөлдөх чадвартай, англи хэлтэй математикч байхад ажил нь АНУ-д байж болно. Харин өөрөө Монголд амьдарч болно. Хаана амьдрах вэ гэдэг нь хоёрдугаар зэргийн асуудал. Хүсвэл АНУ-д очоод ажиллаж болно. Мөн математик өөрөө цэвэр онолынх биш болсон. Хэрэглээний математик буюу Улаанбаатар хотын түгжрэлийг яаж бууруулах вэ гэдэг тооцоолол, замаа яаж төлөвлөвөл энэ ачааллыг бууруулах вэ гэдгийг боддог хэрэгцээ байгаа. Үүнийг яагаад хэрэглээний математикаар төгссөн хүүхэд хийж болохгүй гэж. Манайд хэрэгцээ нь байгаа. Гэхдээ тэр хэрэгцээндээ хүн хүсч авдаг соёл нь байхгүй. Нэг дарга л дураараа “зүүн эргүүлье”, “зүүн эргэхийг болиулчихъя” гэсэн тооцоогүй шийдвэр гаргаад байна шүү дээ. Дараа нь төд удахгүй одоо “баруун эргүүлье” гэх мэтчилэн туршилт хийж болохгүй. Түүнийг чинь хийдэг юм нь хэрэглээний математик байхгүй юу. Биологи, хими, физикээр дахиад ажил олдохгүй гэж бодож байж магадгүй. Гэтэл Солонгост хүн орхоодой гээд ургамал байдаг. Хүн орхоодойгоор тэд бизнес хийж байгаа. Өчнөөн янзын найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж маш том зах зээл үүсгэсэн. Гэтэл Монголд хүн орхоодой шиг шинж чанартай 20, 30 янзын ургамал байна. Одоо бол түүхийгээр нь зөөгөөд байна шүү дээ. Тэгэхэд хими, биологиор төгссөн хүн яагаад дэрвэгэр жиргэрүү, гоёо гэх мэт ургамлаараа хүн орхоодой шиг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлээд зарж болохгүй гэж. Ер нь дээрх бүх л мэргэжил дээр манайд хэрэгцээ байгаа.
-Таны төгсөгчдөд өгч буй эхний зөвлөгөө нь дэлхийд эрэлттэй, ирээдүйд хэрэг болох мэргэжлийг сонгох ёстой гэж байна. Харин мэргэжил сонгохдоо хувь хүнийхээ хувьд юуг чухалчлах ёстой вэ?
-Чадвар, сонирхол бүх л зүйлээ тооцож үзэх хэрэгтэй. Яагаад дээд сургуульд орж таван жилийн турш цаг, мөнгөө үрэх гээд байгаа юм. Дээд сургуульд ороогүй хүнээс илүү урагшаа л явах гээд байгаа хэрэг. Нэгэнт мөнгөө, цагаа зарж байгаа бол зөв юманд зарцуулаад таван жилийн дараа ажлын байранд гарахад шууд л ажил нь олддог байх ёстой. Түүнээс тэр ажлын байр нь Монголд уу, гадаадад уу гэдэг нь хоёрдугаар зэргийн асуудал юм. Хамгийн гол нь долоон тэрбум хүнтэй өрсөлдөх гэж байгаа хүн гэдгээ л ухамсарлах хэрэгтэй. Мэдээж хүүхэд тав, арван жилийн дараах ирээдүйг харах чадвар сул тул эцэг эхчүүд хүүхдээ чиглүүлж өгөх хэрэгтэй байгаа юм.
-Манай улсын хувьд мэргэжил сонголт эцэг, эхчүүдээс их шалтгаалдаг. Би хуульч учраас чи хуульч болох ёстой гэх хандлага харагдаад байдаг?
-Болно л доо. Гэхдээ хуульчаар ажиллах ажлын байр байна уу гэдгийг эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд орохоос өмнө тооцож, прагматик хандаасай л гэсэн үг. Манай улсын нэг хуульчийн орон тоонд бараг 10 хуульч бэлтгэчихсэн байдаг. Маш их өрсөлдөөнтэй, ажилд орж чаддаггүй. Гэтэл инженер, биологи, физик, математик, механик инженер, архитектор, компьютерын инженерээр залуус сурахыг хүсэхгүй байна. Тэр ч байтугай зам гүүрийн инженерийн мэргэжлийг хүртэл голж байна шүү дээ. Ажлын байр маш их байгаа.
-Жишээлбэл, цөмийн физикийн мэргэжлээр сургууль төгсчихлөө гэж бодъё. Манайд ийм мэргэжилтэй хүмүүс цөөхөн байдаг байх. Тэр хүмүүст яг үнэнийг хэлэхэд их сургуульд багшлахаас өөр ажил байхгүй. Монголд цөмийн эрчим хүч үйлдвэрлэл хөгжөөгүй. Тэгэхээр иймэрхүү эрсдэлтэй мэргэжил сонгох хэрэг байна уу?
-Цөмийн эрчим хүч яах аргагүй ирээдүй. Гэхдээ аюулгүй болохыг нь бид хүлээх ёстой. Одоогоос 10 жилийн дараа гэхэд аюулгүй болох байх. Тийм учраас түүнээс өмнө эхлээд хүнээ сургаж байх ёстой. Социализмын үед бид сургаж л байсан. Нүүрсийг түлэхээр CO2 агаарт ялгарч, агаарыг бохирдуулж, дэлхийн дулааралд нэмэр болж байна. Цөмийн эрчим хүчийг ашиглахад тийм зүйл байхгүй. Эрчим хүчнийхээ ихэнх хувийг цөмөөс авдаг Франц, Япон улс орнууд өнөөдрийг хүртэл ашиглаад л болоод байгаа юм. Хэрэглээ нь ч хямдхан. Бас ОХУ-д байна. Хөгжсөн орнууд аюултайг нь мэдэж байгаа. Гэхдээ аюулгүй болгох чиглэлд маш их ажил хийж байна. Аюулгүй станц гараад ирсэн тохиолдолд Монгол Улс авахыг үгүйсгэхгүй. Тэгэхэд хүнээ бэлдэж эхлээгүй байвал дахиад л 10 жилээр хойшилно. Тэгэхээр төрийн бодлогоор хүмүүсээ сургаж л байх ёстой. Хүмүүсээ тухайн улсад нь ажиллуулж байх хэрэгтэй юм. Орост сурсан бол Орост, Солонгост сурсан бол Солонгост нь мэргэжлээр нь ажиллуулж яагаад болохгүй гэж. Тэд мэдлэг чадвартай, тэр чиглэлээр ажиллах дадалтай болоод байж л байг. Ийм зүйл ярихаар нөгөө З.Энхболд чинь цөмийн үйлдвэр барих нь гээд шүүмжлээд эхэлнэ. Шийдвэр гаргах төвшний хүмүүс ялангуяа 40, 50 жилийн дараах ирээдүйгээ харах хэрэгтэй. Оюутолгойн ажлыг эхлүүлэхдээ 50 жилийн дараа уурхайг хаахад яах вэ гэдгээ л бодож байх ёстой юм. Түүнээс биш хүүхэддээ мэргэжил сонгож байгаа эцэг, эх бүр 50 жилийн дараах амьдралаа бодох алба байхгүй. Харин төр бодох ёстой юм. Гэхдээ ядаж хүүхдийнхээ таван жилийн дараа ямар мэргэжилтэй болчихвол ажлын байртай байх вэ гэдгийг эцэг эх бүр л бодох нь чухал.
-Бас дэлхий нийтийн чиг хандлагаас хоцрохгүй байх ёстой гэсэн үг биз дээ?
-Таван жилийн дараа Монголд математик хэрэг болохгүй учраас энэ чиглэлээр сурахгүй гэж ярьж болохгүй л гэдгийг хэлэхийг хүслээ. Сур, хэрэглээ хэзээд ч гарна. Сайн сурсан хүн муугаар бодсон ч өөрөө авьяас чадвартай байхад ажлаа дэлхийн хаанаас ч хийх боломжтой болчихсон. Нэг хэсэг АНУ-д ажиллаад буцаж ирж болно. Тийм залуус олон байна. Тухайлбал, Энэтхэг бол хэдэн арван тэрбум ам.доллароор хийж байна шүү дээ. Хүмүүсээ сургачихсан. Тэндээ хийнэ үү, АНУ-д хийнэ үү ямар ч ялгаагүй болчихсон. Маш олон ажил өөрөө тоо руу шилжиж болж байна. Аналоги биш дижитал ажил болж хувирч байгаа. Англи хэл мэддэг хүн аутсорсингийн ажил хийж болж байгаа юм. АНУ-д эмч нарын цаг нь их үнэтэй байдаг. Эмч нар ийм диктафонтой явж байгаа. Хүн үзэж байхдаа энэ өвчтөн ийм байна. Оношийг нь тэгж үзэж байна, ингэж эмчилье гээд биччихэж байгаа. Түүнийг нь АНУ-ын сувилагч аваад арван хурууны бичээч шиг бичнэ. Тэгэхээр АНУ-ын сувилагч сарын 3000-4000 ам.доллар авах нь байна. Гэтэл Энэтхэг улсад яг энэ ажлыг хийж чадах, сонсч ойлгоод цаасан дээр буулгах чадвартай хүнд 1000 ам.доллар өгч байгаа. Эмчийн диктафонд байгаа бичлэг компьютерээр серверт тавигдаж, түүнийг нь энэтхэг хүн сонсч бичээд явуулна. Нэг л ажлын байр. Гэхдээ хамаагүй хямд хийлгэж болж байгаа биз. Тэгэхээр ажил өөрөө хил хязгааргүй болж чөлөөтэй урсч байна гэсэн үг. Тэр ажлыг хийхийн тулд заавал АНУ явах шаардлагагүй. АНУ руу явахаар хоол, орон байр, унах унаа гээд өчнөөн хэмжээний зардал гарна. Тэгэхээр энэтхэг хүн өөрийнхөө улсад, монгол хүн нутагтаа байж байгаад ажил хийх боломжтой. Тэгэхийн тулд чадвартай байх л хамгийн чухал. Хаана ажил байна түүнийг нь олж хийдэг. Одоо бол туйлшраад байна. Заавал Солонгос, АНУ явж ажил хийнэ гээд л. Тэнд дижитал болгоод хийж болж байгаа ажлыг заавал явж хийх хэрэг юу байгаа юм бэ. Ядаж нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар нь Монголд үлдэнэ.
-Та бол төрд ажиллаж буй Ерөнхийлөгчийн шадар хүн. Төрийн тэргүүний хувьд энэ талаар ямар бодлого барьж ажиллаж байгаа бол?
-Саяхан болсон УИХ-ын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч “Хиймэл оюун ухаан, робот техник, биг дата, куантиум компьютер, композит материал, анагаах ухааны дэвшлүүд зэрэг зургаан салбарыг дэмжинэ” гэдгээ илэрхийллээ. Өнөөдөр улс орнууд энэ зургаагаар л хэн нь лидер болох вэ гэдгээ үзэж байна шүү дээ. Хятад улс гэхэд “Бид хиймэл оюун ухаанаар дэлхийд тэргүүлнэ” гээд явж байна. Их ч мөнгө хаяж байна. Манай улс өөрийгөө жижиг гэж голохгүйгээр шинэ зууны технологийн салбарт зөв газраа зөв бодлого, оновчтой төлөвлөлт хөрөнгө оруулалт хийж, хүний нөөцөө бүрдүүлж чадвал алсдаа Монголын эдийн засгийг хэдэн зуу дахин томруулах нөөц бидэнд байна.