ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Муу удирдагч”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-08

Эхлүүлсэн бизнес, эрхэлсэн ажлаа нэр төртэй хийж чадаагүйгээс үүдэж, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн үүсгэн байгуулсан “Капитал” банкийг албадан татан буулгалаа. Нэг хүний бизнес дампуурч байгааг шүүмжилж, эсвэл бах таваа хангахыг хүссэнгүй. Жижигхэн эдийн засагтай Монгол Улсад банк санхүүгийн салбарт эрсдэл үүсч байгаа нь харамсмаар зүйл.

Гэвч улстөрчийн замналаар явсан л бол бизнесийн салбараас хуруу гараа татаж чадаагүй үүсгэн байгуулагчийнхаа хөлд банкны жирийн ажилчид, тус банкаар үйлчлүүлж байсан иргэд үрэгдчихлээ. Харамсалтай байна. Тус банкны чанаргүй зээл 208 тэрбум төгрөг байгаа бөгөөд нийт зээлийн 80 гаруй хувийг эзэлж байгаа гэнэ.

Банкны хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөг аж. Тиймээс үйл ажиллагаагаа цаашдаа хэвийн явуулж чадахгүй гэж Монголбанк үзжээ. Харин Хадгаламжийн даатгалын корпорациас тус банкны даатгалд хамрагдаж буй 20 сая хүртэлх харилцах, хадгаламжийн дансыг “Хаан” банкинд шилжүүлэхээр шийдвэрлэв. Тус банкинд нийт 256 мянган харилцах, хадгаламжийн данс байгаа аж. Б.Ундармаа гишүүн өнгөрсөн хугацаанд сайнаар биш муугаар л банкныхаа нэрийг гаргасан хүн.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д төвлөрсөн 7.6 тэрбумыг өөрийн банкаар дамжуулан олгохоор авсан ч 49 хувийг зориулалтын бусаар зарцуулсан байдаг. Гэрээг дүгнэхээр, эргэн төлүүлэх шийдвэр төр гаргасан ч удтал хариуцлагаас зугтсан. Мөн “Капитал” банкаараа дамжуулж, ЖДҮХС-гаас 2.3 тэрбум төгрөг авсан гэх мэтээр олон асуудал үүссэн учраас банкны нэр хүнд тэр хэрээр унаж, харилцагчид нь ч хадгаламжаа татаж эхэлсэн хэрэг. Муу удирдагч гэдэг ийм л хортой аж.