ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Гишүүдээс бусад” гэх нэмэлт өөрчлөлт оруулна уу, баярлалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-08

Улс төрийн хүрээнд төрийн тогтвортой байдалд, аюул заналхийлэл учруулах үгс трэнд болоод байна. Энд тохирох хамгийн аймаар шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зарлав. Тэрбээр, мөрийтэй тоглосон төрийн албан хаагчдыг албан үүргээс нь чөлөөлнө гэдгийг мэдэгдсэн юм. Би л хувьдаа үүнийг түүхэнд байгаагүй хамгийн аюултай, төрийн тогтвортой байдалд заналхийлсэн шийдвэр гэж харж байгаа. Учир мэдэх хүмүүс ч үүнийг цахим сүлжээгээр учирлав.

Хамгийн гайхмаар нь дарга, цэрэггүй энэ шийдвэрийг зөв хэмээн сайшааж, өнөө маргаашгүй мөрдөж эхлэх хэрэгтэй гэж шамдуулж байх юм. Үнэхээр казино тоглосон төрийн албан тушаалтан бүр ажлаа өгөхөд хүрэх юм бол энэ улс эх орон удирдлагаа алдаж, парламентын танхим эзгүйрэхэд хүрэх аюултайг бодолцсонгүй юу, Л.Оюун-Эрдэнэ сайд аа.

Ард болон албан хаагчдад зориулсан хууль байж болно. Хамгийн гол нь төрийн түшээдэд хууль үйлчлэхгүй гэдгийг л ялгаж өгөх нь хамгийн чухал юм. Эс бөгөөс мөрийтэй тоглоод ажлаа өгсөн азгүй нэгэн албан хаагч, хуулийг мөрдөх бус батлах шатны эрхмүүдтэй өөрийгөө адилтган барьцах асуудал гарна. УИХ-ын гишүүд төрийн албан тушаалтан мөн үү гэвэл мөн. Гэвч хууль, журмаа мөрдөх гэвэл парламентын танхим эзэнгүйдэх аюул нүүрлэнэ гэдгийг хэн хүнгүй л гадарлана. Хэчнээн ч удаа сонгууль зохион байгуулахад хүрэх бол.

Тиймээс “аймаар” журамд “УИХ-ын гишүүдээс бусад” гэх нэмэлт өөрчлөлтийг яаралтай оруулна уу, баярлалаа. Ингэж төрийн зай эзгүйрэх аюулаас гэтэлгэх билээ. Ийм нэмэлт өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгааг дээр доргүй мэдэж байгаа. Төрөө бодсон ч, түмнээ бодсон ч гишүүдийг журмаасаа ялгаж, салгаж өгдөг юм шүү. Өндөр төрийн түшээд юм байна аюулт журмаас ангид байхыгаа мэдэх байгаа эрх биш.