Тэр хүн нь хэн бэ гэвэл УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн. Яагаад вэ гэвэл, энэ хүний шунал хэрээс хэтэрлээ. Учир нь Б.Чойжилсүрэн гишүүн өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 30 гаруй компанитай гэж бүртгүүлсэн байдаг. Бидний сайн мэдэх “Хурд” групп буюу түүний охин компиануудын тоо нь нийлээд 30 хол давна.
Тэгвэл эрхэм гишүүний хамаарал бүхий “Сауд гоби коэл транс” компани ирвэс хамгаалагч залуугийн амиараа хамгаалсан Тост, Тосонбумбын нуруунд олборлолт явуулж, хөрс хуулалтын ажлаа эхэлсэн гэх мэдээлэл цацагдлаа. Гишүүнийх нь хөрөнгө орлогын мэдүүлэгт ийм нэртэй компани байхгүй ч хэвлэлийн хуудаснаа түүний эзэмшилд байдаг талаар олон удаа бичсэн байх юм. Уг нь Тост, Тосонбумбын нурууг 2010 оноос хойш нутгийн иргэд тусгай хамгаалалтад авах ёстой хэмээн тэмцэж, 2000 гаруй захидлыг гишүүдэд хүргүүлж, үр дүнд хүрсэн байдаг.
Улмаар, 2017 оны гуравдугаар сарын 15-ны Засгийн газрын тогтоолоор Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743.058.00 га-гаар тогтоож байлаа. Нутгийн иргэд хилийн заагийг 890.000 га байхаар санал оруулсан ч дэмжлэг аваагүй юм. Гэтэл энэхүү тэмцэл ямар ч үр дүнгүй байсан бөгөөд тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдлийн гэх “Сауд гоби коэл транс” ХХК-ийн ашиглалтын 43153.96 га талбайгаа хамгаалалттай бүсэд оруулалгүй авч үлджээ. Өмнийн говьд энэхүү компани дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байх юм.
Нутгийн иргэд эсэргүүцэл тэмцэл болохоор их хэмжээний мөнгө нэхдэг. Тэмцэхгүй болохоор хөрсийг нь ухаж сэндийчлээд эхэлдэг компани төрийн хуулийг үл тоож, тэнд дархан эрхтэй болчихоод байна. Монгол Улсын бүх л салбарт хуруу гараа дүрж, НӨАТ-ын буцаан олголтоос хүртэл мөнгө авч явсан гэх муухай монгол хүн та ядахдаа уул, усыг минь ухахгүй байж болдоггүй хэрэг үү. Уул усаа сэндийчлэхгүйгээр барилгаа бариад явж байхад л хэдэн үеэрээ идэх хөрөнгө хуримтлуулж чадна даа. Таны компани мөн л бол энэ ёсзүйгүй үйлдлээ зогсоогооч гэж хүсье. Хүний сайхан үрийн амиараа хамгаалсан газар нутаг юм шүү дээ. Хүн чанар байна уу, танд.