ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гадныхан биднээс дайжих вий

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-06

Нидерландаас Испанийн Гран-Канария арал руу нисч явсан агаарын тээврийн онгоц Португалийн Фару нисэх онгоцны буудалд ослын буулт хийжээ. Ийн яаруу сандруу газардах болсон шалтгаан нь эвдрэл гэмтэл, элдэв гэмт хэрэгтэй огтхон ч хамааралгүй. 
Ердөө хэдэн долоо хоног усанд ороогүйгээс биенээс нь эвгүй үнэр ханхлах эр зорчиж явснаас болсон гэнэ лээ. 

Тэрхүү залуугийн ойр орчимд байсан зорчигчид ухаан алдан унаж, бөөлжих зэргээр сүржигнэсэн тул онгоцны ахмад нь яах аргагүй ослын буулт хийх шийдвэрт хүрч л дээ. 
Ийм явдал манайд давтагдах вий дээ, та минь. 

Урин дулаан цаг ирсэн энэ үед хот  өвлийн ид ачаалалдаа бэлтгэж, эвдэрч муудсан шугам сүлжээгээ солиод эхэлчихсэн. Үүний улмаас нийслэлийн орон сууцнуудын халуун усыг хэсэгчлэн хааж байгаа. Зарим газарт 10-14 хоног, зарим хэсэгт бүр сараар ч хязгаарлах нь энүүхэнд. Тиймээс халуун усны хязгаарлалтад өртсөн нийслэлчүүдээ харийн хүн харагдвал бушуухан л зайгаа барьдаг юм шүү. Аялахаар ирсэн хэдэн жуулчдаа муужруулж, бөөлжүүлээд дээр дурьдсан шиг юм болвол дахиад манай улс руу ирэхгүй байж мэднэ.  Манайхан ч яах вэ, хэдийнэ дасчихсан.

Нийтийн тээврээр зорчихдоо хэдэн хоногоор архи ууж, хир, архины эхүүн үнэр биед нь нэвчсэн нэгнээ шоолж инээлгүй харин ч суудалд тухлуулж зорчуулдаг. Өвөлдөө утаа, зундаа цэвэрлэх байгууламжийнхаа үмхий үнэрт хамар маань дасчихсан байдаг болохоор хэдэн долоо хоног байтугай тэр жилийн борооноор л нэг удаа усанд орсон нэгнээсээ юу үнэртэж буйг ч мэдрэхээ больсон байдаг юм. Харин энэ сүржин гадныхан л дайжчих вий дээ.