Энэ орчлонгийн өнцөг булан бүрт энгийнээс энгийн амьдарч яваа эгэлгүй сэтгэлт баатрууд олон бий. Хүн хүнээ л хайрлаж явах учиртайг ухаарсан тийм л эгэлгүй баатруудын нэг бол ЕБС-ийн наймдугаар ангийн сурагч, 14 настай Т.Амарзаяа хүү юм. Үе тэнгийн хөвгүүд нь гадаа хөл бөмбөг өшиглөж, зарим нь PC тоглоомын газраар тоглож явахад хүү харин хичээлээс тарж ирээд гэртээ дүү нараа хардаг ажилтай.
Т.Амарзаяа ээж, гурван дүү, эгчийнхээ хамт амьдардаг. Ээж нь завгүй ажилтай учраас дүү нарыгаа сургууль, цэцэрлэгээс нь авч, ээж, эгчийгээ ирэх хүртэл гэртээ харах том үүргийг өдий бага наснаасаа үүрч явна. Т.Амарзаяа хүү ой долоон сартай дүүгээ галын аюулаас аварч, өдгөө ГССҮТ-д 40 хувийн түлэгдэлтэй хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Дүү нь галын амыг нээж алчуур тавьсныг анзаараагүй бөгөөд алчуур шатаж эхлэхэд сандрахдаа баллонтай газ байсан газар руу шидчихжээ. Гэсэн ч самбаа гаргаж, дүүгээ байшингаас гарган хажуу айлдаа орхиод эргэж гэр лүүгээ орж галыг бүрэн унтраасан байгаа юм. Хэн бүхнээс гарахгүй тийм их зоригийг бяцхан баатар маань гаргав. Томчууд бид ч баллонтой газ байгаа байшин руу зориглож орохгүй.
Хэзээ ч дэлбэрч мэдэх учраас тийм эрсдэл гаргахыг ч хүсэхгүй байх. Гэтэл 14 настай хүүгээс тийм эр зориг гарчээ. Дүүгээ л аврах ёстой, байшингаа шатааж болохгүй гэсэн бодол түүний амь наснаас ч үнэ цэнтэй байсан гэхээр юутай бахархмаар. Ээж нь өрх толгойлсон эмэгтэй учраас ажил хийж ар гэрээ авч явахаас өөр аргагүй гэнэ лээ. Харин бяцхан хүүд ар гэрийн бүх ажил оногдоно. Хүний ах гэдэг ийм сайхан. Бяцхан баатрын бие өдрөөс өдөрт сайжирч байгаа ч тос нь үнэтэй, мөн орон гэр нь шатчихсан учраас тусламж хүсчээ. Олны дэмээр энэ гэр бүл илүү сайхан амьдрал үзэх байх аа. Хүү минь чи энэ нийгэмд гэгээ тусгасан баатар. Нинжин сэтгэлийг хайх болсон өнөө цагт яах аргагүй үлгэр үзүүлж чадав. Амьдралын чинь зам үргэлж дардан байж, ахадсан тэр их эр зоригийг чинь бурхан үнэлэх цаг ирнэ. Монголчууд бид ч тусламжийн гараа сунгах болно.