Энэ дөрвөн жил улстөрчдийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын нэвтрүүлж байгаа нэг том жишиг нь Төрийн ордонд спорт алхаагаар алхах болон гүйх болчихоод байна. Тэд ч ЖДҮХС-гаас зээл авахаас авахуулаад хууль зөрчсөн, ёс зүйгээ уландаа гишгэсэн үйлдэл их гаргах юм.
Түүнийг нь асууж, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхөөр сэтгүүлч бид ч хэрэндээ хөдөлмөрлөж байгаа. Харамсалтай нь гишүүд, дарга нар байр сууриа аятайхан илэрхийлж, мэдээлэл өгөхөөсөө илүү ширэн нүүрлэж зугтахыг сонгодог болсон. Эрхэм гишүүд ээ, зугтах гэж байгаа бол зугтсан шиг зугтаад сурчихаач ээ. Буруугаа нууж, булхайгаа далдалж чадахгүй, худлаа ярьж, хуйхаа маажиж байснаас хурдхан зугтчихвал биед амар.
Тиймээс өнөөдрөөс эхлээд гүйлтийн дасгал хий. Монголд ойрын зайн гүйлтээр чамгүй амжилт гаргасан тамирчид олон бий. Тэднийг хөлслөөд, гүйлтийн бэлтгэл хийхгүй юу. Байнгын хорооны болон чуулганы танхимаас гараад, сэтгүүлчдийг камераа асааж амжихаас өмнө гялс амжиж алга болоход 20 метр дотор огцом хурд гаргахад л хангалттай.
20 метрт хоёр секунд гүйдэг байхад та ямар ч сэтгүүлчийн шууд дамжуулалтад өртөж, нүүрээ улайлгаж худлаа ярихгүй амар. Тиймээс хаврын чуулган завсарласны дараа зунжин гүйлтийн бэлтгэл хийгээрэй. Сонгууль дөхөх тусам элдэв булхай чинь илэрч, энд тэндэхийн сангаас “хумсалсан” мөнгө чинь ил болоод, үе үехэн огцом хурд авах шаардлага гарч магадгүй. Булзууруулах гэж тэвдэж байснаас бултас гээд алга болох нь илүү цэвэр.