Намаасаа хөөгдөж, орох байх газраа олж ядаад байсан нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй гадаад руу “дүрвэжээ”. Төрийн албыг жижиглэнгээр худалдах сонгодог төлөвлөгөө боловсруулсан номинациар хариуцлага хүлээж намаасаа хөөгдсөн нь түүний хувьд шийтгэл биш харин ч завшаан болчих шиг боллоо. Угтаа бол төрийн албыг наймаалцах гэдэг нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэсэн хуулийн заалттай, хэрэгтэй хүн. Түүнд хуулийн байгууллагаас хилийн хориг тогтоогоогүй, шалгаагүй өдийг хүрсэн нь гайхалтай. Хуулийн, шүүхийн, прокурорын, АТГ-ын шударга бус хүмүүсээсээ бүрэн ангижирч чадаагүй байгаа энэ завшааныг ашиглан гадаад руу оргон зайлж байгаа ч юм бил үү, хэн мэдлээ.
Барагцаагаар 1.5 тэрбумын хөрөнгөтэй, 80-аад сая төгрөгийн авлагатай хүнд ямар ч улстөрийн албан тушаал эрх мэдэл гологдож таарна. Голохгүй гээд ч шаансгүй болсноо мэдэрсэн үү, юутай ч гадаад руу “зугаацахаар мордсон” бололтой. Нийслэлийн Газрын албаны даргаар хэдэн жил ажилласных юуг ч жижиглэнгээр зарж болдог гэх гүйлгээ ухаан нь 60 тэрбумын төлөвлөгөө боловсруулж даргадаа танилцуулахад хүргэсэн байх. Энэ хэргээр МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын ажлаа өгч, А.Ганбаатар МАН-ын Удирдах зөвлөлөөс хөөгдөж, Ц.Сандуй намаасаа хөөгдсөн.
Ажин түжин байсан Ц.Сандуй саяхан НИТХ-ын дарга болохоор өрсөлдсөн ч ялагдсанаар улстөрчийн нь карьер бараг л цэглэгдсэн. Бүхэл бүтэн улсын төрийн алба 60 тэрбумд хүрсэн, нийслэлийнх бол 6 тэрбум гэж тооцоолсон байж ч мэдэх л нөхөр. Согтуудаа хэргээ хүлээж, эрүүлдээ эвлүүлэг хэмээн мэдэн будилж нэг үзээд яалт ч үгүй баригдсан нөхөр хаашаа яах гэж хилийн дээс алхсан нь нэг их сонин биш ч “60 тэрбумынхаа хэрэгт” хуулийн хариуцлага хүлээх л ёстой баймаар.