Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбат өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Түүний хүсэлтийг хүлээж авсан Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тушаал гаргаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аж. Мэргэжил нэгтнүүд дотроо хамгийн их хөрөнгөтэй, хурган баян гэж нэрлэгддэг тэрбээр ажлаас чөлөөлөгдөхдөө “АТГ-т шалгуулж, үнэн зөвийгөө тогтоолгоно” гэсэн байгаа юм.
Түүнийг АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж магадгүй хэмээн шалгаж байгаа билээ. П.Эрдэнэбат гэж хувь хүнийг гэхээс илүү түүний төрсөн дүүгээр нь олон хүн таньдаг. Өмгөөлөгч мэргэжилтэй түүний төрсөн дүү П.Отгонбаяр нь прокурор асан Х.Тамиртай хамт хар тамхи татсан, зөөвөрлөсөн, борлуулсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдон хоригдож байлаа.
П.Эрдэнэбат гэж хүний тухайд өнгөрсөн хугацаанд олон л сөрөг асуудалтай нэр холбогдов. “Драгон” төвийн өмнө том барилгатай. Тэр нь явган хүний зам таглаж барьсан, тэтгэвэрт гарсан хоёр эмэгтэйн газрыг дээрэмдсэн гэх мэтээр сайнаас илүү саараар яригдаж байсан төрийн албан хаагч. П.Эрдэнэбатын тухайд 2017 онд ХОМ-тээ 4.5 тэрбумаар үнэлэгдэх таван орон сууц, таван үйлдвэрлэлийн барилга, зургаан авто зогсоолтой гэж мэдүүлсэн. Цаашлаад, 164 сая төгрөгийн таван авто машин 173 сая төгрөгийн уран зураг, үнэт эдлэлтэй.
Дансандаа 182 сая төгрөгийн хадгаламжтай гэж бүртгүүлж байсан билээ. Мөн бусдаас дөрвөн тэрбумын авлагатай гэж мэдүүлсэн учраас жирийн прокурорын цалингаар ийм хөрөнгөтэй болох боломжгүй гэж АТГ-аас үзэж, шалгаж эхэлсэн байдаг. Үнэхээр л өөрөө ярьдаг шиг шударга хөдөлмөрлөж, энэ бүхнийгээ бүтээсэн үү, эсвэл буруу замаар олж авсан уу гэдгээ тогтоолгоод ирвэл төрийн алба түүний өмнө нээлттэй байх бизээ.