ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“АПУ”-гийн Г.Батхүүгээс суралц

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-16

 УИХ-ын гишүүн асан, АПУ компанийн эзэн Г.Батхүү Хан-Уул дүүрэгт нэр дэвших бэлтгэлээ базааж эхэл­сэн билээ. Гэхдээ нэр дэвшигч энэ удаа тун өвөрмөц арга хэмжээг тойр­гийн иргэд дундаа зохион байгуулж, олонд танигдахаар шийдсэн байгаа юм. Тэрбээр, Хан-Уул дүүргийн хэд, хэдэн хорооны иргэдийн дунд дууны тэмцээн зарласан бөгөөд энд хүн бүр дуртай дуугаа дуулахгүй. Харин Г.Батхүүгийн зохиосон “Толин хул” цомогт орсон дуунаас дуулах гэнэ лээ. Мөн ардын болон эстрад дуугаар өр­сөл­дөх журамтай аж. Хүн байгаа зүй­лээ­рээ бардамнах гэдэг ийм гоё шүү. 

Гэтэл харлуулах сонирхолтой хэсэг нь нэр дэвшигчийг маань шоолж, шүүмжилцгээж байна. Яагаад болохгүй гэж. Хүн өөрт байгаа зүйлээрээ гайхуулна гэдэг нь буруу зүйл огт биш. Харин ч бусад улстөрчиддөө үлгэр дууриалал болж байна. Төрийн ордонд суугаа хүмүүс улс төр, эдийн засаг, төмөр зам, геопилитик, төсөв санхүү гэх мэтээр өөрөө ч мэдэхгүй, ойлгохгүй зүйлээ ярьж, дараа нь бусдын элэг доог болдог. Тэдгээр хүмүүс манай тойргийн горилогчоос суралцах хэрэгтэй юм. Чаддаг чаддагаа л хийе гэж уриалж байна, тэр. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Жавхлан Баянзүрх дүүрэгт ийм тэмцээн зохион байгуулж болж байна. Бурхан Халдун дээр гарч уйлж сууснаас л илүүтэй олон нийтэд таалагдана.

Caption

Монголчууд ч дуунд дуртай ард түмэн. Эмч, багш, уяач, малчнаараа хуваагдаад дуулж байгаа энэ цагт яг л цаг үеэ олсон уралдаан болно. “С.Жавхлангийн дууг хэн сайн дуулах вэ” гэж уралдаан зарлаад, дуулахаар ирсэн хүмүүст сонгосон улстөрч чинь хамгийн сайн чаддаг зүйлдээ ямар гарамгай вэ гэдгийг гайхуулж болно. Г.Батхүү шиг бас ялгарахыг хүсч байвал хамгийн анхны цомог буюу “Хүүгийн бодол” гэдэг ч юм уу, жаахан улстөржүүлье гэвэл “Манай Монгол мандана” цомгоос л дуулна гэж цохоод өгчихвөл сонгуулийн уур амьсгал орж, илүү мэдрэмжтэй харагдах байх. Бас хэчнээн гоё дуутай вэ гэдгээ сонгогчиддоо дахин харуулж, нэмэх оноо авах том боломж шүү.

Цаашлаад, УИХ-ын гишүүн А.Сүхбат төрсөн нутаг Төв аймагтаа очоод Үндэсний бөхийн тэмцээн зохион байгуулж болж байна. Тэгэхдээ зөвхөн “Дархан аварга А.Сүхбатын мэхийг хэн сайн хийх вэ” гэж тусгайлан зааж болох юм билээ. Тухайлбал, А.Сүхбат гишүүн зүлэг ногоон дэвжээн дээр ид мандаж явахдаа гар ачих, барьцтай, барьцгүй хавирах, хөлд орох мэхийг тун ч гарамгай хийдэг байсан гэнэ лээ. Тэгэхээр яг энэ мэхийг хийх ёстой гэж зааж өгөхөд буруудахгүй. Чуулган завсарласан үед ажлаа тайлагнах гэж автобус унаагаар зөөгөөд ч хуралд ирдэггүй сонгогчид аваргынхаа дархан мэхийг дахиад нэг харахын тулд ирж л таарна.

Тэр үед нь хурлаа хийгээд, УИХ-д гурван жил унтаагүй шүү гэдгээ харуулж, тэр ч байтугай Туул голын загас, Богд уулын тарвага хоёроор хэрхэн мэргэшиж яваагаа харуулж болно. Б.Бат-Эрдэнэ аварга гэх мэтээр ийм төрлийн тэмцээнийг төрөл бүрээр нь, янз бүрийн шалгуураар зохион байгуулах хүмүүс УИХ-д олон байна даа. Заавал урлаг, спорт гэх нь учир дутагдалтай байвал уран илтгэлийн тэмцээн зарлая. Энэ төрөлдөө гаршиж байгаа Ж.Батзандан гишүүн тойрогтоо илтгэлийн тэмцээн зохион байгуулж болж байна. Хамгийн гол нь хараа хурц, хамар сартгар, дуу чанга байх нь илтгэгчдийн гол шинж, оноо өгөх том шалгуур.

Бас “МАНАН” гэдэг үгийг төрөл бүрээр толгой холбож сурсан байх ёстой гэж шалгуур тавихаас гадна, прокурор гэдэг үгийг Ж.Батзандан гишүүн шиг “борькурор” гэж хэлж сурсан байх нь тэмцээний гол шалгуур байвал илүү л үнэнд ойрхон л доо. Цаашлаад Баянхонгор аймгаас УИХ-д суусан М.Билэгт гишүүн тойрогтоо “Хэрхэн богино хугацаанд нэг үгийг олон нийтийн амны уншлага болгох вэ” гэсэн уралдаан зарлаж болж байгаа юм.

Монгол даяар философи агуулсан үгний дутагдалд орсон энэ үед “айдас хүйдэс”, “жигдрэх юмандаа байгаа байх аа” гэдэг шиг сэтгэлд хоногших алдарт афоризм хонгор нутгийн хэний ч ой ухаанаас урган гарч мэднэ шүү. Ер нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа тойрогтоо хурдан зугтаж сурах тэмцээн зохион байгуулвал алс хэтдээ олимпын алдартай тамирчид ч Сонгинохайрхан дүүргээс төрөх ч юм билүү. Н.Учрал гишүүн архинаас гаргана гэж явж байснаас өөрийнх нь дууг караокед хэн сайн дуулах вэ гэсэн зорилтот нэвтрүүлэг хиймээр байна. Илүү амьдралдаа ойртуул, гишүүн ээ. За тэгээд төрийн сангуудаас мөнгө хумсалчихаад Ж.Энхбаяр шиг ажиггүй тайван байж сурах тэмцээн зохион байгуулж болно.

Том луйвар нь илчлэгдчихээд байхад л “Би буруугүй. Миний компани биш” гэх мэтээр гүрийж чадах ур чадвартай нэгнийг шалгаруулах тэмцээнийг Дархан-Уул, Өмнөговь, Баян-Өлгий аймгуудад зохион байгуулах ажлыг Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан нар хандив мөнгө гаргаад зохион байгуулчихвал ард түмэнд илүү ойрхон, хөрсөндөө бууж чадсан улстөрч гэж том оноо авна даа. Энэ мэтээр улстөрчид минь Г.Батхүү шиг чаддаг юмаараа гайхуулъя. Манай тойрог горилогч бол бусад шиг заал дүүрэн хүн цуглуулчихаад тоо ярьж, эсвэл улс төрийн сэдвээр лекц уншиж, чадахгүй зүйлээрээ онигоонд орохыг хүсэхгүй байгаа юм.

Харин ч өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээр сонгогчдоо уургалж, хажуугаар нь хэчнээн мундаг зохиолч болохоо харуулна гэсэн үг. Эцэст нь нэг л зүйлийг бодоод эрхгүй горилогч ахаараа бахархлаа. Манай тойргийн горилогч ах “АПУ-гийн архийг хэн сайн уух вэ” гэж тэмцээн зарлачихсан бол яана аа. Тэгсэн бол хороогоороо онигоонд орж, хоёр хундага ч татаж чадахгүй тасрахгүй юу. Харин ч манай нэр дэвшигч хос морьтой хатируулж, сонгуульд өрсөлдөж байгаа нь яамай даа. Ер нь ийм төрлийн тэмцээн зохион байгууллаа ч экс гишүүн Л.Эрдэнэчимэг шиг асуудалд орох учраас татгалзсан нь дээр шүү, улстөрчид өө. Бас “бандааш” шувталдаг тэмцээнээс аль болох татгалзаарай гэж зөвлөе.