Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай яригдаж эхлэх нь ээ. Сольж болно. Юманд ээлж, дараалал гэж бий л дээ. Хүн нэг насаараа аль нэгэн албан тушаалд мөнх байна гэсэн ойлголт хэзээ ч байхгүй болохоор хэнийг ч өөрчлөж болдог. Гэхдээ энэ удаагийн өөрчлөлт албан тушаалын “бялууны” хэлтэрхий олж долоох гэсэн МАН-ын залуусын хэнээрхэл л гэж харагдаад байна. Тэд өнгөрсөн гурван жил “бялуу” хүртэх гэж хоорондоо тэмцэлдсээр өдий хүрсэн. Энэ л тэмцлийн үргэлжлэл явж буй нь энэ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал бүхий албан бичигт: “Монголбанк төв банкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүргээ биелүүлж чадаагүй.
Үүнээс үүдэн төгрөгийн ам.доллартай харьцах харьцаа, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш өмнөх оныхоос 9.9 хувиар суларсан байна. 2018 оны урьдчилсан дүнгээр инфляци Улаанбаатар хотын хэмжээнд хоёр оронтой тоонд дөхөж очсон. Валютын ханш чангарч, инфляци 2016 оны хэмжээнээс 4-5 дахин өсч, иргэдийн орлого нэмэгдээгүй зэрэг нь өрхийн зардлыг нэмэгдүүлж, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлсөн. Монголбанкны Ерөнхийлөгч анх ажлаа авах үедээ Гадаадын валютын албан нөөцийн талаар хариуцлагагүй, улс төржсөн мэдэгдэл хийгээд зогсохгүй, валютын захад ам.доллар хомсдох мэдээлэл нийтэд цацаж, энэ үйлдлээрээ төгрөгийн ханшийг огцом сулруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдэлд хүргэх нөхцлийг бүрдүүлснээр иргэдийн амьжиргааны түвшин улам бүр дордож, ААН-үүд үйл ажиллагаагаа зогсооход хүрч, валютын зээл авсан зээлдэгчид ханшийн асар их эрсдэлд орж байгаа нь Монголбанкны Ерөнхийлөгч энэхүү албан тушаалыг хаших, албан үүргийг гүйцэтгэх мэдлэг чадвар ажлын туршлага дутаж байгааг харуулж байна.
Иймд Н.Баярсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хууль журмын дагуу УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш гэдэг монголчуудын хувьд олон жил толгойны өвчин болж ирсэн. Хэн ч Монголбанкны Ерөнхийлөгч байсан ч энэ ханшийг барьж чадахгүй. Барьж ч байгаагүй. Манай орны нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдсөнөөс хойш буюу 1991 оноос хойш найм дахь Ерөнхийлөгчийхөө нүүрийг үзэж байгаа Төв банк маань энэ хугацаанд валютын ханшийн өөрчлөлттэй “дайн” зарлаж ирсэн ч нэг л үр дүнтэй ажил болоогүй. Ам.долларын ханш тасралтгүй өссөөр өнөөдрийн түвшинд хүрсэн. Тэгэхээр Монголбанкны Ерөнхийлөгчийг солих үндэслэл нь нэг л хиймэл, зүгээр л шалтаг шалтгаан гаргаж байж албан тушаалыг нь хэн нэгэн авах гэсэн арга хэмээн харагдаж байна.
Н.Баярсайхан гэдэг хүн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа зүгээр суусангүй. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байх зорилгоор 2018 онд нийт 1.2 тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлжээ. Мөн энэ он гарснаас хойш нийт 600 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ. Гадаад валютын нөөцийг сүүлийн хоёр жилд 3.5 дахин өсгөн 3.6 тэрбум ам.долларт хүргэсэн. Үнэт металл худалдан авалт 2018 оны эцэст 22 тоннд буюу түүхэн дээд хэмжээнд хүрч гадаад валютын нөөцийг 740 сая ам.доллараар нэмэгдүүлсэн гээд олон л ажил бий. Банк санхүүгийн байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах талаар ч олон ажил хийсэн. Ийм л сайн эдийн засагчаа МАН-ынхан өөрчлөхөөр зориглож байгаа бололтой. Энэ бол тус намаас сонгогдсон улстөрчдийн дотоод асуудал. УИХ-д 65-уулаа болсон энэ нам лаагаа иднэ үү. Луувангаа иднэ үү хэнд хамаатай билээ гэж орхиж болох л доо.
Гэхдээ Монголбанк гэдэг эх орны санхүүгийн судсыг нь барьдаг гол газар учраас дуугүй өнгөрч болохгүй санагдаад байна. Энэ бол Н.Баярсайханы хувь заяаны тухай бодоод байгаа хэрэг биш. Харин монголын хувь заяатай холбоотой. Төв банкны бодлого гурван сая иргэний асуудлыг шийднэ шүү. Та бидний идэх хоолыг ч шийднэ. Ийм л чухал цэгээрээ МАН оролдох гэж байна. Үнэхээр Монголбанкны Ерөнхийлөгчийг солиод ам,долларын төгрөгтэй харьцах ханш буудаг л юм бол солилдоо. Бүр улирал бүр ч сольж байсан хамаагүй. Валютын ханш бууна гэдэг амьдрал ахуй дээшлэнэ гэсэн үг. Гэвч нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг дээ. Монголбанкны Ерөнхийлөгчөөр “Бялуу” хүртэх гэсэн нэг “бацаан” ирээд Баяртсайханаас илүү ажил хийж, ам.долларын ханш бууна гэж сэрүүн зүүдлэж байгаа бол МАН жинхэнэ манарчихсан яваа юм байна. Хэт олуулаа болж, албан тушаалын хэнээ тусахаар ийнхүү харанхуй мунхаг болдог гэдгийг л утгаар нь харуулж байна.