ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өөрөгдөгч

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-18

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан зургаан орлогчтой ажиллахаар болсон. Тодорхой хэлбэл, хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай байна. Тэгвэл 10 хүрэхгүй хоногийн өмнө тэрбээр томилгоо хийж, төслийн удирдагчдаа томилсон. Түүний нэг нь Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал. Тэрбээр цахим ертөнцөөр өөрийгөө “сурталчилж”, Засаг дарга С.Амарсайхан ийм нэг орлогчтой болсон гэдгийг мартагдахааргүй таниуллаа.  Айлын байшин шатаж байхад эрхэм орлогч селфи хийгээд, зургаа цахимд оруулсан шиг л ажиллаж байна. Өөрөгдөгч орлогч Д.Мөнхжаргал англи хэлний орчуулагч мэргэжилтэй юм билээ.

Төрийн байгууллагад ажилласан туршлага гэвэл  2016 оноос Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-Төслийн дэд зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч хийж байжээ. Түүнээс өмнө бол сургуулийн захирал, орчуулагч, редактор зэрэг ажил хийж байсан намтартай нэгэн аж. Гэнэт л хотын даргын орлогч болж суга дэвшсэн эрхэм ажлаа аваад арав ч хонолгүй айлын байшин шатаж байхад өөрөгдөж, “од” болов.  Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч учраас ажлаа л хийж явсан байх.

Зохион байгуулалт ч хийсэн биз, зарим нэг нь тэгж өмөөрч байна билээ. Тэр өөрийнхөө зургийг авах зорилго өвөртөлж очоогүй нь мэдээж. Харин очсон хойноо өөрөгдсөн нь олны дургүйцлийг төрүүллээ. Өнөө цагт ямар ч хамаагүй аргаар олны анхаарлын төвд орох гэсэн сонирхолтой хүмүүс, албан тушаалтнууд олон болж. Магадгүй тийм зорилготой өөрийнхөө зургийг авсан ч байж болох юм.  Гэхдээ л цагаа олсонгүй дээ, орлогчтон минь. Өөрөгдөлт чинь таныг “од” биш ад болголоо. Өөрийгөө таниулах хэрэгтэй байгаа бол хүнд хэрэгтэй ажил хий.