С.Алиманцэцэг прокурор ажилдаа орлоо. Түүхэндээ анх удаа Улсын Ерөнхий прокурорын орлогчоор эмэгтэй хүн томилогдож байгаа гэдгээрээ энэ томилгоо онцлогтой. Мэдээж өмнө нь энэ нэр дуулдаж байгаагүй учраас хэн бэ гэж гайхах хүн олон байна. Учир нь түүний нэр урд нь танил болтлоо олонд дуулдаагүй, салбарынхнаас нь өөр хэн ч танихгүй жирийн нэг прокурор учраас тэр.
Оюутны ширээнээс боссон цагаасаа эхлэн прокурорын байгууллагад тасралтгүй 22 жил дунд шатны албан үүрэг гүйцэтгэж иржээ. Чадваргүй учраас тэр гэж үү. Үгүй. Тэрбээр мэргэжлийн урч чадвараараа салбартаа нэрээ дархалсан прокурор аж. Харин “дарга болох”-ын халдварт тусаж, нэр төр, эрх мэдэл хөөцөлдөөгүй учраас түүний нэрийг эдүгээ салбарынхнаас нь бусад нь танихгүй байгаа болов уу гэлтэй.
Амьдралынхаа 22 жилийг прокурорын байгууллагад өнгөрүүлэхдээ энд тэнд сайн, муугаар нэрээ дуудуулалгүй, хүлээсэн үүрэг, оногдсон ажлаа хийж явсан учраас Ерөнхийлөгчийн энэ саналыг түмэн олон сайшааж байгаа биз ээ. Шударга ёсны салхи сэвэлзэж эхэлсний нэг жишээ нь прокуроруудын томилгоо байлаа гэж дүгнэх хүмүүс ч цөөнгүй байна. Нийгэм шударга ёсыг юу юунаас илүү хүсэмжилж байгаа асар их хүлээлтийн дунд, өнгөрсөн хугацаанд хэн нэгний татаас, түлхээсгүйгээр, өөрөө өгсөх зарчмаар салбартаа тасралтгүй мэргэжлээрээ ажилласан залуу прокурор орж ирж байна хэмээн хүлээж авлаа.
Гэвч түүнийг Зам тээврийн сайд асан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн гарын хүн гэх шуум гараад амжсан. А.Гансүх, С.Алиманцэцэг нар МУИС-ийн нэг ангид сурч байсан оюутан цагийн нөхөд гэнэ лээ. Хашир хүн хашир байдаггүй хаширсан хүн л хашир болдог гэдэгчлэн ард түмнийг шударга бус томилгоонууд хашрааж орхижээ. Их сургуулийнх нь найз юм чинь ямар нэг улс төрийн зорилго, шахаа байгаа гэх хардлага хамгийн түрүүнд бууж байгаа нь энэ. Ямартай нь түүхэндээ анхдагч болж, ерөнхий прокурорын орлогчоор томилогдсон түүнд нийгэм том хүлээлтийг үлдээлээ. Одоо хэрхэн ажиллах, хэн байсныг нь харах л үлдлээ.