Үе үеийн хотын даргад муу муухайг наадаг “зарчмын” дагуу шаварт унасан шарын эзэн болж яваа хүн бол хотын дарга С.Амарсайхан. Ёс зүйгүй албан хаагч сэлфи хийхэд, Туулын бургасыг хууль бусаар хядахад, сургуулийн хөл бөмбөгийн талбайг буулгахад бүгдэд нь санаатай, санамсаргүйгээр С.Амарсайханыг буруутгаж байна. Арга ядахдаа тэрбээр “Долоо хоног бүр ажлаа тайлагнаж байя. Цаг тухай бүрт нь мэдээллийг хүргэж байя” хэмээн мэдэгдлээ. Хотын даргын албанд шинэхэн хүн хэдий ч ажлаа авснаасаа хойш чамлахааргүй тулхтай шийдвэрүүдийг гаргасан юм.
Үүний нэг нь саяхан Төв цэвэрлэх байгууламжийн ослоор амиа алдсан дөрвөн залуугийн ар гэрт тус бүр хоёр өрөө байр өгч, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгох шийдвэр байлаа. Амиа алдсан залуусын ар гэрт нярай хүүхэд тэврээд үлдсэн эх, бие давхар гэргий, бага насны хүүхдүүд өнчирч үлдсэн юм. Нэг удаагийн нөхөн олговор олгоод тэднийг орхисонгүй. Өнчирч хоцорсон улаан цурам нялх үрс, мэндэлж амжилгүй аавыгаа алдсан хүүхдийг мартсангүй.
Амиа алдсан ажилчдын хүүхдүүдийг Ерөнхий боловсролын сургууль төгсөх хүртэл хугацаанд дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээр хангахаас гадна дээд болон мэргэжлийн сургуульд сурах насны хүүхдүүдийг нь тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болсон байна. Хүний алтан амийг орлох чадахгүй ч аавгүй, нөхөргүй үлдсэн тэдэнд ямартай ч төр халуун гараа сунгалаа. С.Амарсайхан таны гаргасан шийдвэр “таалагдаж” байна. Энэ эрчээ алдуузай. Илүү их хичээгээрэй.