ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цахиур хагалагч

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-23

Монголчуудад нэг үе олимп, дэлхийн аваргын сураг их л хол байлаа. Хааяа нэг дэлхийн аваргын медалийн сураг дуулдана. Ер манайхан явахгүй нь ээ гэх гутрангуй бодол хүн болгонд байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Гэтэл жүдо бөхийн төрлөөр Н.Түвшинбаяр олимпын наадмаас алтан медаль анх удаа хүртсэн нь олон хүнийг сэргээж, их спортын хөгжлийг эхлүүлсэн гэж болно.

Энэ цагаас хойш залуучууд их спорт руу хошуурч, эцэг, эхчүүд хүүхдээ дэлхийд данстай тамирчин болгох хүсэл мөрөөдлийг тээж эхэлжээ. Их спорт сэргэж, олон төрлөөр олимп, дэлхийн медаль ар араасаа цуврах боллоо. Энэ долоо хоногт л гэхэд жүдо, боксын төрлөөр Азийн аваргын медалийн буухиа эхэлж байхтай зэрэгцэн Монгол Улс хамгийн залуу буюу долоон настай дэлхийн аваргатай боллоо.

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “International karate friendship-2019” хүүхдийн каратэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоон насны ангилалд “Орчлон” сургуулийн 2б ангийн сурагч Н.Нэмүн алтан медаль хүртжээ. Тэрбээр өнгөрсөн жил “киокушинкай” каратэгийн “JOSO Cup-2018” тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байсан туршлагатай тамирчин гэнэ.

Ийнхүү монгол хүн тэр тусмаа монгол хүүхэд анх удаа каратэгийн дэлхийн аварга болж байна. Долоон насандаа Монгол Улсын спортын ертөнцөд түүхийн шинэ хуудас нээж буй нь энэ юм. Монгол хүн спортын аль ч төрлөөр дэлхийд өрсөлдөх чадвартай гэдгийг Н.Нэмүн хүү долоохон насандаа баталж, олимп, дэлхийн аварга үе, үеийн алдартай тамирчин, элэг нэгт ах нарынхаа шийрийг хатааж, цахиур хагаллаа.