ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Соньхон бас гоёхон чекист”

А.ОДСҮРЭН
2019-04-24

Юм гэж сонин шүү. Одоогоос зургаан жилийн өмнө би энэ хүнийг “жинхэнэ чекист” хэмээн бичиж байлаа. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдуулан Д.Энхбат гэгчийг Францаас хэдэн улс дамжуулан хэнд ч мэдэгдэлгүй хулгайлж авчирсан эр зоригийг нь үнэлж ийнхүү бичсэн хэрэг. Франц улсаас хүн хулгайлж авчирчихаад амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэн Англид баригдаж үйлээ үзэж байхад нь монгол хүний ёсоор өмөөрсөн нь тэр. Харин түүнийг Англиас Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа очиж аваад дагуулаад Монголд ирэхэд нь гайхаж байлаа. Монголын төр иргэнээ, монгол хүнээ ингэх л ёстой гэж олонхи үзэж, цөөнх нь учрыг олох гэж хэрэндээ л зүдэрч байсан. Англиас суллаж авчирсан хүнээ АТГ-ын дэд даргаар томилоход нь Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын холбоо сүлбээ бараг л ил болчихсон гэхэд хилсдэхгүй.  

ТЕГ-ын Сөрөх тагнуулд ажиллаж байхдаа Б.Хурц “гаалийн” Х.Баатарын авилгын хэргийг илрүүлсэн хэмээн шуугиан тарьж байлаа. Х.Баатар жинхэнэ авилгач  мөн үү, биш үү, түүнийг хэн хэн золиосолсон тухай хэвлэлийн шар хуудсууд бэлхнээ хэлээд өгөх болохоор энд бичих нь илүүц. МАХН-ын дарга Н.Энхбаярын баривчилгаа, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ойр тойрныхны баривчилгааг ч түүнд хаяглах хүн олон.  Экс Ерөнхийлөгчийн дохиураар тэр бүхнийг гардан гүйцэтгэсэн байх магадлал маш өндөр гэдэгт өнөөдөр эргэлзэх хүн байхгүй. БНСУ-д Элчин сайдаар явах гээд амжаагүй Б.Хурцыг сүүлийн үед хэвлэлийнхэн л эрж сураад байснаас биш цагдаа, тагнуулынхан ч бас мөшгиж байж. Түүнийг хоёр хоногийн өмнө саатуулсан байна.

Гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр саатуулснаас нь харвал түүнийг  эрүүдэн шүүлт хийсэн гэж үзэж байгаа бололтой. Улс дамнуулан хүн хулгайлж С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг хэн нэгэнд тохох гэж улайрч байсан хүнд хоёр хүнийг камерт эрүүдэн шүүх нь тийм ч хүнд асуудал биш байсан юм болов уу. Байцаагчид тэр үнэнээ хэлнэ гэж үү. Асуултад нь хариуллаа, мэдүүллээ, цааш нь ярих уу, яах уу гэсхийгээд л удахгүй суллагдах байлгүй дээ. Зүү хаашаа учиг тийшээ гэдэгчлэн экс боссынх нь хувь заяа ч ээдрээтэй л болчихоод байгаа цаг үе дээ, уг нь. Соньхон бас гоёхон чекист шүү, Б.Хурц.