ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Жаргалбаатар: Ц.Элбэгдоржийн уран зураг хулгайлсан гэх хэргийг цагдаагаас шалгаж байгаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-25

АТГ-аас дөрөвдүгээр сард  хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа. АТГ дөрөвдүгээр сард нийт 28 албан тушаалтны ХАСХОМ-т төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан аж. Хяналт шалгалтаар долоон албан тушаалтан хөрөнгө орлогоо худал мэдүүлжээ.  Үүнд, УБТЗ ХНН-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Эрдэнэчимэг, УБЕГ-ын хэлтсийн дарга П.Нэргүй, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярцогт, “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-ын орлогч захирал Д.Дэлгэрбаяр, ЭМЯ-ны мэргэжилтэн Б.Туяа, ГЕГ-ын  улсын байцаагч Н.Батбаяр, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал нар багтжээ. Хэвлэлийн хурлын үеэр зарим албан тушаалтнуудын хэрэг болон  бусад асуудлыг Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ч.Жаргалбаатараас тодрууллаа. 

-Кёкүшюзан Д.Бат­баярыг 32 тэрбум төгрөгийн залилингийн хэрэгтэй хол­бог­дуу­лан АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Д.Батбаяр гэх хүнтэй холбоотой гомдол иргэдээс ирсэн. Хэрэг бүртгэл нээж шалгахад, зали­лан мэхлэх гэмт хэргийн шинж тогтоогдсон. Тиймээс про­ку­рорын байгууллагад харъяалал тогтоолгохоор хан­да­хад харъяаллын цагдаагийн байгууллагад шилжүүлэх саналаа гаргасан. Хэргийн үйлдэл аргачлал, бусад нотлох баримтын талаар мэдээлэл өгөх боломжгүй. 

-Арбитр дээр Эрдэнэтийг санаатайгаар ялагдуулсан гэх гомдол танай дээр ирсэн гэсэн. Энэ талаар. Мөн “Жаст” групп­тэй холбоотой хэрэг ямар шатанд байгаа вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн удирд­лагууд баталгаа гаргаж, Монгол Улсад хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа. “Жаст” групптэй холбоотой хэрэг шүүхийн хянан шийдвэрлэх шатанд байгаа тусдаа хэрэг гэж ойлгох  хэрэгтэй. 

-ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэргээр 14 гишүүний хэргийг хаах санал хүргүүлсэн гэсэн. Мөн гурван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон гэсэн. Нэрийг нь хэлэх боломжтой юу?

-Дэмжих бичиг хийж өгсөн гэх УИХ-ын 50 орчим гишүүнтэй холбоотой хэргийг тусгаарлан шалгаж байгаа. Үүнээс авсан зээл нь зориулалтын дагуу ашиглагдаж буй төслүүдэд зарим хэргийг хаах санал  гаргасан байгаа. Таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүнээс гурван гишүүнд нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй учир үндсэн хэргээс нь тусгаарлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. 

-Үндэслэлгүйгээр хөрөнгөж­сөн шүүгч нартай холбоотой хэрэг ямар шатандаа явж байгаа вэ? 

-Шүүгч нар хууль бус шйидвэр гаргасан, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэргүүд шалгагдаж байгаа. Үүн дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал ч давхар шалгагдаж байгаа. 

-Прокурор А.Цэрэнсодномыг АТГ-аас шалгаж байгаа гэсэн. Энэ үнэн мэдээлэл үү?

-Прокуророор ажиллаж байсан А.Цэрэн­содном­той холбоотой бичлэг цацагдсан. Тухайн бичлэг эвлүүлэг байсан гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Түүнд холбогдуулан нээсэн байсан хэрэг бүртгэлийн хэргийн харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас тухайн хэргийг хянаж үзсэн. 

-Дубайн гэрээтэй холбоо­той­гоор С.Баярцогтыг шалгаж байгаа талаар мэдээлэл өгөөч. Дубайн гэрээний шалгалтын ажиллагаа ямар шатанд явж байгаа вэ?

-Дубайн гэрээ, Оюутолгойн гэрээнүүдтэй холбоотой хэргүү­дийг шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны тухайд нотлох баримт цуглуулахаас эхлээд өргөн хүрээнд ажилладаг. Олон нийтийн хүлээлт их байгаа учир удааширч байгаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ мөрдөх ажиллагаа хууль дүрмийнхээ дагуу явж байгаа. Үүнд эргэлзэх зүйл байхгүй.

-УБТЗ-ын дарга Д.Жигжид­нямаатай хол­боо­­той хэрэг ямар шатандаа байна вэ.  Д.Жигжид­­нямаатай холбоотой асуудалд танай АТГ-ын дарга Х.Энхжаргал холбоотой юу?

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой хэргийг шалгах шатандаа явж байна. Өмнөх мэдээлэлд ч мөн тодорхой хэлсэн. АТГ-ын даргатай ямарч хамааралгүй. 

-Түүнийг хоёр жилийн хугацаанд  шалгалаа. Яагаад удаад байгаа юм бэ?

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад  хоёр ч эрүүгийн хэрэг үүсгэсэн. Нэг удаа прокурор руу шилжүүлсэн. Түүнээс биш албаар удаашруулаад, бариад суугаа зүйл байхгүй. 

-АСЕМ-ын хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шалгагдаж байгаа. АСЕМ-д хэдэн төгрөг зарцуулагдсан, үүнээс хэд нь зөв зүйтэй зарцуулагдсан бэ, хэд нь үр ашиггүй зарцуулагдсан бэ зэргээр их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгахад цаг хугацаа их шаарддаг. 

-Хотын дарга С.Амарсайхан албан тушаалаа урвуулан ашиглаж, БНХАУ-ын компанид 50 га газрыг өгсөн асуудал АТГ-д шалгагдаж байгаа юу?

-Энэ хэргийн талаар ярих зөвшөөрөл аваагүй учир мэдээлэл өгөх боломжгүй. 

-ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй гэх хүмүүсийг танайхаас шалгаж байгаа юу. Эдгээр хүн хилээр гарсан хэмээх мэдээлэл байгаа?

-Эдгээр хүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй.

-Уран зураг хулгайлсан гэх хэрэгт ямар хүмүүсийг шалгаж байгаа вэ?

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг уран зураг хулгайлсан гэх асуудлыг цагдаагаа шалгагдаж байгаа болохоос манайх шалгаагүй.

-ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг АТГ-аас шалгаж байсан. Түүнийг хэзээнээс шалгасан бэ?

-Тухайн хэргийг 2018 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн Прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд,  тус хэлтэст харъяаллыг тогтоогоод ирүүлсэн. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тухайн хэргийг шалгаж байх хугацаанд өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянасан. Харъяаллыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Үүнд тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг биш шүү дээ.