ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Маяа: Нэг цаг ажилласан ч цалинг олгох ёстой

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-02

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж байгаа билээ. Тус хуульд ажилтан ямар нэгэн зөрчил гаргасан тохиолдолд цалингийн шийтгэл оногдуулахгүй байх заалт оруулжээ. Энэ талаар ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ш.Маяагаас тодрууллаа.

-Хөдөлмөрийн хуульд ажилтан зөрчил гаргавал цалингийн шийтгэл оногдуулахаа больсон тухай яригдаж байна. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?
-Одоо мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд гурван сарын хугацаанд 20 хувь хүртлэх хэм­жээ­гээр цалин бууруулах, сануу­лах, ажлаас халах гэсэн сахил­гын шийтгэлийн төрөл байгаа. Эдгээрээс цалин хасах сахилгын шийтгэлийг УИХ-д  өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулиас хасч, нээлттэй сануулга,  хаалттай сануулга, ажил олгог­чийн санаачилгаар цуцлах гэсэн гурван шийтгэлийг хуульд заасан. Хуульд ямар ч тохиолдолд ажлаа бүрэн хийвэл, ажилд нь тохирсон цалин хөлсөө авах эрхтэй гэдэг зарчим баримталж боловсруулсан. Өөрөөр хэлбэл тухайн ажилтан ёс зүйн, ноцтой зөрчил гаргасан бол сахилгын шийтгэл авна. Тэр бол тухайн байгууллага, аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтан болон,  дотоод журмын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ хүний цалингаас ямар нэгэн байдлаар хууль бус суутгал авах нь тохиромжтой хэлбэр биш гэж үзсэн. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулсан юм. 

-Энэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Хэзээ хэлэлцэж батлах нь УИХ-ын шийдэх асуудал. Өнөөдрийн байдлаар УИХ-д хуулийн төслийг өргөн барьсан учраас хараахан хэрэгжиж эхлээгүй байна. Ажлын хэсэгт одоо мөрдөж буй хуульд заасан цалингаас хасах шийтгэлийг сэргээж өгөөч гэдэг саналууд ирж байгаа. Үүнийг ажлын хэсгийнхэн санал хураалтаар шийдэх байх. Одоо мөрдөж буй хуульд, сахилгын шийтгэлийн нэг төрөл  буюу  ажилтны цалингаас 20 хувь хүртэл хасах шийтгэл хэвээрээ байгаа гэж ойлгох хэрэгтэй юм. 

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ажил олгогч болон, ажилтанд шаард­лага­тай ямар шинэ заалтууд оруулсан бэ?
-Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл өөрчлөгдөж байгаа. Нэн түрүүнд хэлэх ёстой зүйл бол хөдөлмөр  эрхлэлтийн харилцаа бий болсон тохиолдолд, Хөдөлмөрийн тухай хууль үйлчилнэ гэдэг заалт оруулж өглөө. Мөн хөдөлмөрийн гэрээний төрлүүдийг дэлгэрүүлж заасан, хөдөлмөр эрхлэлтийн  зах зээл дээр шинээр бий болсон харилцаануудыг зохицууллаа. Мөн хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоонд ч аль болох хурдан шийдвэрлэх боломжийг бүрдүүлж өгөхөөс гадна, цалин хөлсний асуудалд өөрчлөлтийг нилээд хийж өглөө. 

-Зарим байгууллагууд ажилтны цалинг олон сараар өгдөггүй, халагдсан ч хохироодог явдал их гардаг. Үүнийг Хөдөлмөрийн хуулиар хэрхэн зохицуулдаг вэ?
-Аль аль хуульдаа  байгаа л даа. Одоо мөрдөгдөж буй хуультай холбогдуулаад, Зөрчлийн хуулиар ажилтны цалинг олгоогүй бол алданги тооцож, нөхөж олгуулах заалт бий. Шинэ хуулийн төсөлд ч энэ заалт орж байгаа. Ажилтан нэг сар,  нэг цаг ч ажил хийсэн бол цалингаа тухай бүрт авах эрхтэй. Цалингүй ажил эрхлүүлж  байгаа нь албан хөдөлмөрийн нэг шинж гэж хэлж болно. Хэрвээ ийм зөрчил гарвал мэргэжлийн хяналтын байгууллага, шүүхэд хандах эрхтэй. 

-Бусад орнууд цалингаас хасах шийтгэлд ямар жишигтэй байдаг бол?
-Дэлхий бусад улс орнуудын жишгийг харахад, Африк зэрэг хэдхэн улс орнуудад сахилгын шийтгэлийн төрөлд цалингаас хасах шийтгэлийг хэрэглэж байгаа. Ихэнхи орнууд энэ шийтгэлийг Хөдөлмөрийн хуулиасаа хассан байдаг. Тийм учраас бид дэлхийн нийтийн жишигт нийцүүлэх, зорилготой. Мөн тухайн ажилтан ажлаа хийсэн л бол  хөлсөө авах ёстой гэдэг зарчмыг баримталсан.